
2023-2024 оны өвлийн улирлын Олон улс болон орон нутгийн хуваарьт хөөрөлт буултын нислэгийн цагийн хуваарь батлах Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн 2023 оны 2 дугаар хурал наймдугаар сарын 24-ний өдөр болж, гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, 2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр өвлийн улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа.
Олон улсын хуваарьт хөөрөлт буултын нислэгийн цагийн хуваариар 2023-2024 оны өвлийн улиралд дотоод болон гадаадын нийт 14 агаарын тээвэрлэгчийн нислэг, 19 чиглэлд төлөвлөгдсөн байна. Нийт төлөвлөгдсөн нислэгийг цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад 35.5 хувиар, 2022 онтой харьцуулахад 61.5 хувиар өссөн байна. Үүнээс “МИАТ” ТӨХК-ийн нислэг өмнөх оноос 133.3 хувиар, Аэромонголиа ХХК-ийн нислэг 13 хувиар тус тус өсжээ.
2023-2024 оны өвлийн улирлын нислэгийн төлөвлөлтийг 2022-2023 оны өвлийн улиралтай харьцуулахад ОХУ-ын Красавиа, Ираэро Эйрланс, БНСУ-ын Чежү Эйр, БНСВУ-ын VietJet Air буюу Вьетнамын үндэсний авиа компани шинээр нэмэгдсэн байна. Мөн Вьетнам улсын НаТранг, БНХАУ-ын Манжуур, Хайлаар чиглэлүүдэд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн.
“МИАТ” ТӨХК нь нийт 10 чиглэлд, үүнээс шинээр ХонгКонг, Бээжин, Пукет, Москва чиглэлд, Хүннү Эйр ХХК нийт 3 чиглэлд, үүнээс шинээр Хайлаар, Манжуур чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. 2022-2023 оны өвлийн улиралд дээрх агаарын тээвэрлэгчид эдгээр чиглэлд нислэг үйлдэж байгаагүй юм.
Харин орон нутагт 2 агаарын тээвэрлэгчийн нислэг төлөвлөгдсөн бол МИАТ ТӨХК Дорнод, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Даланзадгад, Аэромонголиа ХХК Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл чиглэлүүдэд нислэг үйлдэхээр Орон нутгийн хуваарьт нислэгийн цагийн хуваарь батлагдлаа гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.
Олон улсын болон орон нутгийн хуваарьт нислэгийн өвлийн цагийн хуваарь батлагдлаа | ||
Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.