Шууд Chart

Спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд Унгар улсын олимпын хороотой хамтран ажиллана

2024-03-12 14:44:54

МҮОХ-ноос гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Унгар улсын олимпын хороотой хамтран ажиллах санамж бичгийг Будапешт хотноо байгууллаа.
 
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, туялзуур сэлэмний Олимпын 2 удаагийн аварга Mr. Bence Szabо нар хүндэт зочноор оролцож, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпын аварга Э.Бадар-Ууган, Унгарын олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Орчин үеийн таван төрөлтийн Олимпын аварга багийн гишүүн Mr. Lаszlо Fаbiаn нар үзэглэв.
 
Хоёр улсын ҮОХ-д нь өндөр хөгжсөн спортын төрлүүдэд тамирчдын хамтарсан бэлтгэл хийх, спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааныг хөгжүүлэхэд мэргэжилтэн солилцох болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцсэн байна.
 
Унгарын олимпын хороо нь Франц, Грек, АНУ, ХБНГУ болон Австралийн олимпын хорооны дараа буюу 1895.12.19-ний өдөр байгуулагдсан зургаа дахь олимпын хороо бөгөөд “Афин 1896” анхдугаар Олимпын наадамд оролцогч орон төдийгүй Dr. Ferenc Kemeny нь Олон улсын олимпын хороог үүсгэн байгуулагчдын нэг юм.
 
МҮОХ нь ОУОХ-ны дэмжлэгтэйгээр Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургуулийн дасгалжуулагч нарт зориулсан богино хугацааны сургалтад туялзуур сэлэм, жүдо, бокс, волейбол зэрэг спортын багш дасгалжуулагч нарыг хамруулаад байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 
 

Спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд Унгар улсын олимпын хороотой хамтран ажиллана  
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй