
Спортоор хичээллэж, тусгай Олимпийн наадамд оролцсоноор оюуны бэрхшээлтэй хүмүүсийн амьдралд олон өөрчлөлт гардаг байна. Энэ наадамд насны хязгаар гэж байдаггүй. Түвшин ойролцоо хүмүүстэй хамт спортын олон төрлөөр шилдгүүдээ шалгаруулдаг юм байна. Тусгай Олимпийн Монгол дахь хороо 2013 онд байгуулагдсан. Тухайн жилдээ БНСУ-д болсон өвлийн наадмаас манай тамирчин Н.Элбэгзаяа мөнгөн медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил АНУ-д болсон наадмаас манай тамирчид 11 медаль хүртжээ.
Оюуны бэрхшээлтэй хүмүүс спортоор хичээллэж дэлхийн хэмжээний наадамд амжилт гаргахаар тухайн хүндээ маш их өөрчлөлт авчирдаг гэдгийг Монголын тусгай Олимпийн хорооны дарга П.Болормаа хэлж байна.
Тусгай олимпид оролцохын тулд тамирчдаас маш их бэлтгэл, хичээл зүтгэл шаарддаг. Шаргуу бэлтгэл хийхийн тулд эхлээд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Тиймээс олон улсын Тусгай олимпийн хорооноос эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах эмч мэргэжилтнүүдэд өнөөдөр гадны сургагч багш нар сургалт зохион байгуулж байна. Энэ үеэр Тусгай олимпийн хорооны Зүүн азийн бүсийн нээлттэй хараа хөтөлбөрийн зохицуулагч Жиан Бо Зу "Оюуны бэрхшээлтэй хүүхдэд үзлэх хийхэд эмчийн зүгээс маш их тэвчээр шаарддаг. Янз бүрийн эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр үзлэг хийхэд өвчтөн маш мэдрэг байдаг. Тиймээс тэр болгонтой дасан зохицох цаг хугацааг өвчтөнд гаргаж өгхийн тулд хүлээзтэй хандаж, уян хатан байх хэрэгтэй болдог" гэв.
Эмч нар сайн дурын үндсэн дээр ажиллах учраас ямар нэгэн цалин төлбөр авахгүй. Гэхдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааны зардлуудыг олон улсын “арслан” клубаас санхүүжүүлж байгаа юм байна. Тусгай олимп спортын уралдаан тэмцээн гэхээсээ илүү хүмүүнлэгийн ач холбогдолд анхаардаг аж. Тамирчид олон улсад өрсөлдөхийн тулд улс бүсийн тэмцээнээсээ шалгарах хэрэгтэй. Энэ сарын сүүлээр Улсын аварга шалгаруулах наадам болох юм байна. Үүнд амжилт гаргасан тамирчид 2017 онд Австри улсад болох олон улсын Тусгай олимпийн наадамд оролцоно.
"Эрүүл тамирчин" хөтөлбөр хэрэгжиж байна | ||
Үзсэн: 1787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.