Шууд Chart

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд спортоор өрсөлдөв

2016-11-07 14:55:42

УИХ-ын Тамгын газар, Биеийн тамир, спортын зөвлөлөөс ажилтнуудынхаа эрүүл, идэвхтэй амьдрах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн ээлжит тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд  нийслэлийн Хан-Уул дүүргийн Спортын ордонд болж, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд оролцов.

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон энэхүү арга хэмжээг нээж үг хэллээ. Нээлтийн ёслолын үеэр УИХ-ын Тамгын газрын удирдлагуудын дунд сагсан бөмбөгийн гурван онооны шидэлтийн тэмцээн болж, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал түрүүлэв.

Энэ жилийн ээлжит тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй зургаан багийн нийт 120 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын баг нэгдүгээр байр, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Дотоод аудиторын албаны хамтарсан баг хоёрдугаар байр, УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хамтарсан баг гуравдугаар байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.

Харин эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын I, II багууд нэг, хоёрдугаар байр, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Дотоод аудиторын албаны хамтарсан баг гуравдугаар байрыг эзэллээ. Мөн гар бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн шинжээч Х.Шижирмөнх, эмэгтэйчүүдээс Бичиг хэрэг, архив, дотоод шуудангийн албаны бичиг хэргийн эрхлэгч В.Оюун нар тодорлоо.

Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын баг тэргүүлж, Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн баг удаалж, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын II баг гуравдугаар байрт шалгарсан бол эмэгтэйчүүдээс Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Дотоод аудиторын албаны хамтарсан баг тэргүүлж, Хууль, эрх зүйн хэлтсийн баг удаалж, УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдийн баг гуравдугаар байр эзэллээ.

Түүнчлэн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс Хууль, эрх зүйн хэлтсийн НББСШУБХ-ны ажлын албаны нарийн бичгийн дарга Б.Баясах, эмэгтэйчүүдээс Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн сургалт, хүний нөөцийн албаны ахлах референт Б.Туул нар тодорсон байна. Мөн Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Дотоод аудиторын албаны хамтарсан багийнхан шилдэг хөгжөөн дэмжигч багаар тодорсон юм.

Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдын шагналыг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Цэрэн, Д.Амгалан нар болон бусад  удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


УИХ-ын Тамгын газрын ажилтнууд спортоор өрсөлдөв   
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй