Шууд Chart

Боулингчид хувийн дүнгээр аваргаа тодрууллаа

2016-11-28 10:50:54

Монголын Боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг “Big Bowling Friendship” үндэсний лигийн анхдугаар тэмцээний ганцаарчилсан төрөлд Финалын тоглолтууд боллоо. Нийт 50 эрэгтэй, 16 эмэгтэй тамирчдаас чансаагаар шигшигдсэн эрэгтэй 24, эмэгтэй найман тамирчин өрсөлдлөө.

Дөрвөн сарын турш тамирчдын ур чадварыг сорисон том тэмцээнээс шигшигдсэн эрэгтэй 24 тамирчныг зургаан хэсэгт хуваасан бөгөөд хэсэг тус бүрээс эхний хоёроор шалгарсан тамирчид дараагийн шатанд үлдсэн юм. Ингээд гурван тоглолтоор хамгийн өндөр оноо авсан найман тамирчин хасагдах шатанд үлдэх эрхийн төлөө хүч үзэхэд “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тамирчин Э.Харцага тэргүүлсэн юм. Олон улсын журмаар зохиогдсон хасагдах шатны тулаан ч тун сонирхолтой өрнөв. Боулингийн спортын мастерууд ээлж дараалан “өвдөг шороодож”, тоглолт бүр өрсөлдөөнтэй болж байлаа. Улмаар “Big Bowling” төвийн тамирчин Д.Батхүү түрүүлж, манай тамирчин Э.Харцага удаалав. Гуравдугаар байрт Петровис компанийн тамирчин Ж.Цэвэгмид шалгарсан юм.


Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд чансаа өндөр найман тамирчин хоёр хэсэгт хуваагдсан. Улмаар хэсэгтээ эхний хоёроор шалгарсан тамирчид хасагдах журмаар тоглосон юм. Энэ удаагийн тэмцээнд Мобикомын тамирчин Б.Оргилмаа алт, ТЭЦ III-ын Ц.Уранцэцэг мөнгө, Страйкс клубийн Ш.Гэрлээ хүрэл медалийн болзол хангалаа.

Монголд анх удаа болж буй боулингийн үндэсний анхдугаар лигийн тэмцээний хувийн төрөл бүтэн есөн цаг үргэлжилсэн юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Боулингчид хувийн дүнгээр аваргаа тодрууллаа   
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй