Шууд Chart

“Болор цом” яруу найргийн наадамд тэргүүн байр эзэлсэн шүлэг

2014-01-27 10:47:07

31 дэх жилийн  "Болор цом" яруу найргийн наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж өндөрлөсөн.  Энэ жилийн “Болор цом”-ыг яруу найрагч Л.Моломжамц хүртсэн юм. Түүний "Болор цом" хүртсэн шүлгийг хүргэж байна.

Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс


Хорвоо дээр би ирж байснаа ч санах шиг алсад тэмүүлэн буйгаа ч тунгаах шиг

Хувьхан заяа тэнгэрээс тольдон намрын бороо цонхны цаана ч бас Сантын минь талд ч хөшиглөж байх шиг

Хорин жилийн тэртээд үлдсэн, аль эсвэл намайг үлдээсэн эмгийн минь дуу ч сэтгэлд хүүрнэн байх шиг

Хоног өдрүүдийг туулсан залуугийн мөр- шаргалхан хавтаст ном дотор биед минь сэрчигнэн буйг ч хуудас хуудсаар нь уншиж суунам

Зүсэрч байгаа бороо өнөөх л миний дотор буй гэнэхэн насны минь бүлэг дурдатгалууд

Хэдэн мянган үсэгний цаана нуугдах багын амрагийн дуртмал царай, зангирмал үгс, уйлсан нулимс

Зүйлийн хорвоод төөрүүлсэн олон зам, түүний дундаас миний олж чадсанаа гайхах нэг л үнэн бодомж

Хэзээ ба хожим дахин олоход хэтийдсэн бүдэг дэнлүүт үдшүүдээ ч гайхан бахдаж байна

Энэ миний дотор буй тэр л хуудсууд зарим нь их тод, зарим нь хэт бүдэг, урсаж балартсан

Энэ намрыг л ганцхан давж чадаад үгүйрэн хийсч одох нь их юм

Энэ миний сэтгэлд буй сүүлчийнхээ хүчээр тодроод сарнин урсаж буй дурсамж бүхнээ би

Эцэнгэр намрын бороот салхи, тогоруудын гэрэлт хүзүүнд зүүн уйтгарлан үлдэж буйгаа ч ойлгох юм

Миний дотор шувуу шиг бууж ааль юугаа дэлгэсэн мартагдахын аргагүй хонгорхон охинд ч

Миний багадаа унадаг байсан хайртай хүлгийн минь тунгалаг нүдэнд ч

Дэндүү багад минь одсон ч энхрий дотно хайрлан ширтдэг байсан ээжийн минь хөрөгт ч

Хэзээ ба хожим дахин ингэж учрахгүйн тулд л би зүүгдэн уймардаг ч байж болох юм

Этгээд намрын бороо цонхон цаана сэтгэл уйлан элэглэвч,

Эгэл нандин дурсамж дурсамж бүхнийг минь салхиaраа хийсгэн үгүйрүүлэвч

Эх нутгийн минь аглагт хэвтэх норсон чулуудын болор гэрэл бүхэн цугаар

Хэзээ ба хожмын минь зүгт уйтгарлашгүйн хүчээр сацарнам бусуу даа.


“Болор цом” яруу найргийн наадамд тэргүүн байр эзэлсэн шүлэг  
Үзсэн: 2071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй