Шууд Chart

Сар шинийн бэлэг МҮОНТ-ээс...

2014-01-28 14:24:50

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргалтай ярилцлаа.
-МҮОНТ-ийн уран бүтээлчид шинэ жилийн нэвтрүүлгийн ажлаа дөнгөж  дуусаад цагаан сарын баярын нэвтрүүлгийн бэлтгэл ажилдаа ороод байна?
Амарч ч амжилгүй дараагийн ажилдаа ханцуй шамлан ордог уран бүтээлчид минь сар шинийн нэвтрүүлгийн бэлтгэл ажилдаа ороод эхэлчихсэн шүү. Сар шинийн баярын гурав хоногийн нийт  хөтөлбөрийг Нэвтрүүлэг төлөвлөлтийн албанаас гаргаж, уран бүтээлийн нэгдэл албадуудад үүрэг болгон өгөөд одоо тэд маань нэвтрүүлгийнхээ бэлтгэл ажилд гараад явж байна. Бэлтгэл ажил нь битүүнийг хүртэл л явагдана шүү дээ.
 
  Ер нь МҮОНТ-ийн хөтөлбөрүүдэд  жилд гурван том үйл явдал байдаг юм. Энэ нь Үндэсний их баяр наадам, Цагаан сар, Шинэ жилийн баярын хөтөлбөрүүд юм. Яагаад онцлог гэж хэлэв гэвэл гурваас дөрвөн өдөр, өдөр тутмын нэвтрүүлгээс гадна баярын хөтөлбөрийн хэмжээнд бэлтгэдэг учраас. Дуу хуур бүжиг наадам, уран сайхны нэвтрүүлгийг  тусгайлан бэлтгэхэд хүн хүч, хөрөнгө их шаардагддаг л даа. Бусад телевизээс ялгагдах онцлог бол манай телевизийн хувьд мэргэжлийн радио, телевизийн студитэй.  Үүндээ тулгуурлан олон үндэстэн ястны дуу хуур, бүжиг наадмыг үзүүлэх бүрэн боломжтой байдаг учраас аливаа баярын хөтөлбөрөө баялаг, агуулгатай болгох үүднээс олны хүчээр ажиллах шаардлагатай болдог.
 
 -Сар шинийн баярын хөтөлбөрийн талаар сонирхуулбал... 
  Монгол улс Үндсэн хуулиндаа баталгаажиж эрхийг нь олгосон олон үндэстэн ястны нэгдмэл эрх чөлөө, мянга мянган жил эцэг өвөгдөөс уламжлан ирсэн ардын аман болон биет соёлын өвтэй . Энэ утгаараа бид торгууд , баяд, буриад, Ховд аймгийн олон үндэстэн ястан болон ойрд, халх монголын бүх үндэстэн ястны цагаан сарын зан үйл, ёс заншил, аж амьдралыг сурвалжлан үзүүлэхээс гадна бас тэдний дуу хуур бүжиг наадмыг ардын язгуур уламжлалыг нь орчин үеийн хэлбэрт хөгжүүлснийг мэргэжлийн  түвшинд  үзүүлэх болно.  
Үзэгчдийн танил болсон ардын уламжлалт “Дөрвөн бэрх” уралдаант нэвтрүүлгийн хэлбэр төрхийг нилээд шинэчлэн ардын язгуур урлагын хэлбэрт оруулснаар, ёс заншлыг харуулсан“ Жавар уяраасан өдрүүд” зэрэг нэвтрүүлгээ бэлтгэн хүргэнэ.
Шинэ болон хуучны сэтгэлд хоногшсон монголын уран сайхны  киногоор нэвтрүүлгийн хөтөлбөрөө баяжуулна.
Баярын утга уянгыг илэрхийлэх  үүднээс  эфирийн холбоосыг  ардын билэг зүй, шүлэг яруу найргийн уншилтаар нэвтрүүлэгчид маань мэндчилгээ хүргэж  байгаа. 
 
-Өмнөх жилээсээ онцлох ямар нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна?
Бид хөтөлбөрөө баримтат, уран сайхны, концерт хөгжмийн нэвтрүүлэг гэж 3 хэсэгт хувааж байгаа. Онцлох олон сайхан нэвтрүүлэг бэлтгэж байгаа. “Морин хуур”, “Уртын болон ардын дуу”- ны тусгай бие даасан концерт, хөтөлбөр бэлтгэн хүргэх юм. 
Сар шинийн баяртаа бэлэг болгон ахмад найруулагч П. Баяраа ардын дууны Хандармаа түүхэн хүн байсныг дэлгэцийн бүтээлд мөнхлөн үлдээх дуулалт жүжиг найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгож байгаа.
  Мөн сар шинийн баярыг тохиолдуулан  уран бүтээлийн I нэгдлээс “ Малчин түмний мэнд” цэнгүүнийг анх удаа зохион байгуулж байна. Цэнгүүнд эх орныхоо өнцөг булан бүрт мал сүргээ маллаж яваа малчдын төлөөлөл оролцох юм.
 
 -Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Сар шинийн бэлэг МҮОНТ-ээс...  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй