Шууд Chart

Тэнгэрийн санаа газарт ургалаа

2014-01-28 15:27:55

Дуурь Бүжгийн Эрдмийн театрт  2013 оны 1 дүгээр сарын 10 ны үдэш уур амьсгал нэг л өөр байлаа. Энд ирсэн хүн бүр нэгэн ном худалдаж авч байсан нь “Алтан өд 2013” наадмын шагнал хүртсэн “Тэнгэрийн санаа” байв. Энэ бол МЗЭ-ийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайханы бүтээл бөгөөд театрт хуран цугласан олон түүний уран бүтээлийн цэнгүүнд ирсэн нь энэ. Бүгд л зохиолчийг хүндэтгэн цэцгийн баглаатай иржээ.
 
Тайзны засал онцгой санагдлаа. Хоёр дэлгэцийн дунд улаан өнгөтэй шат байрлуулсан нь хүний нүүр шиг харагдана. Үүн дээрээс зохиолчийн номын хавтсыг унжуулсан нь хүний уураг тархи мэт сонин сэтгэгдэл төрүүлэв. Үзэгчид хэдийнэ суудлаа эзэлжээ. Цэнгүүнийг нээж жүжигчин Д.Энхбаяр “Биднээс ангид оршдог дээд оюун санаа гэж байдаг. Тийм ч болохоор бид хөх тэнгэрээ шүтэж ярилцаж ирсэн билээ. Тэгвэл тэрхүү тэнгэрийн санааг зохиолч номондоо шингээсэн юм” гэв. Номонд багтсан “Галын зээ” өгүүллэгийг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Сайнтод уншлаа.
 
“Тэнгэрийн санаа” номын дараагийн “Нүгэл” өгүүллэгийг гавьяат жүжигчин Г.Равдан толилуулсан юм. Залуухан бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон нас тогтсон хүний сэтгэлд өрнөх үйл явдал, сайн ханийн талаар өгүүлжээ. Жүжигчин Д.Энхбаяр “Утгын чимэг 2010” наадмын тэргүүн шагналт “Эртний явдал” өгүүллэгийг нь сонордууллаа. Залуудаа эхнэртээ туниж гомдсон Балбар өтөлсөн хойноо сэтгэлийн гүн дэх хорслоо хэрхэн авч байгааг харуулсан энэ бүтээлд хүн сэтгэлдээ өширхөж явбал ямар муухай байдгийг, яаж яалзарч мууддагийг тод гаргажээ. “Утгын чимэг 2009” наадмын гутгаар байрны шагналт “Өлөгчин” өгүүллэгийг СТА, жүжигчин Ө.Наранбаатар уншив.
 
Эртний хүмүүс гоо сайхныг анх яаж мэдэрсэн, бусдаасаа өөр төрхтэй бүсгүйд тохиолдсон гай зовлон, эм хүйстэн өөрийн эрийг харамлахдаа араатан болж байгааг үгийн увидсаар амилуулжээ. “Үйлийн үрийн төлөөс” өгүүллэгийг гавьяат жүжигчин Г.Равдан уншлаа. Хүн ямар үр тарина түүнийгээ хураадаг гэдгийг аав хүү хоёрын харилцаагаар харуулжээ. Тоглолтын туршид үзэгчид тун сэтгэл хангалуун байж ихийг бодох шиг болов. 
 
Цэнгүүн дуусмагц тайзны ард зохиолчтой зургаа татуулж, гарын үсгийг нь авах гэсэн хүмүүс дараалал үүсгэжээ. Энэ цэнгүүний эзэн Б.Баярсайханы сэтгэгдлийг сонслоо.
 
-Монголд анхдагч болж үргэлжилсэн үгийн цэнгүүн хийсэн таньд баяр хүргэе. Яагаад заавал ийм цэнгүүн хийх болов?
- Дуу, шүлэггүйгээр зөвхөн үргэлжилсэн үгийн цэнгүүн хийхийг эртнээс бодож төлөвлөж байсан. Хүмүүст таалагдсан байна. Миний уран бүтээлийн цэнгүүнийг найруулсан “Р3” радиогийн найруулагч Д.Батбаяр найздаа баярлалаа. Мөн тусалж дэмжсэн олон хүнд талархлаа илэрхийлье.
 
- Таны үргэлжилсэн үгийн зохиолуудын баатрууд ихэвчлэн дотор хүн рүүгээ хандсан, өөртэйгээ хүүрнэсэн, хүмүүний сэтгэлд өрнөж буй үйл явдлаар дүрслэгдсэн байдаг. Энэ нь уран зохиолын төрөл зүйлд шинэ урсгал төрүүлсэн юм шиг санагддаг. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
- Би бүтээлүүддээ сэтгэл зүйн драм төрлийг тусгаж байгаа. Энэ нь өнгөц хөдөлгөөн үйл явдлыг голчлох бус сэтгэл доторх үйлдэл, тэнд юу болоод байна гэдгийг голчилж гаргана гэсэн үг. Энэ нь “Нүгэл” өгүүллэгээс илүү мэдрэгдэх байх. Гол дүрийн бодолд сэтгэхүйн дайн болж байгаа юм.
 
Т.Болор-Эрдэнэ  

Тэнгэрийн санаа газарт ургалаа  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй