Шууд Chart

Айсуй цагийн хөтөлбөр

2014-01-28 16:19:21

МҮОНР-гийн Нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхантай XVII жарны Модон морин жилийн сар шинийн хөтөлбөрийн онцлогийн талаар танилцуулсныг эрхэм  уншигчиддаа толилуулъя...
- Жил бүр он цагийн бэлэгдэл болсон “Цагаан сар”-ын  хөтөлбөрийн өнгө төрх өөр өөрөөр  төлөвлөгддөг байх. Энэ жилийн хувьд ямар бүтэцтэй гарч байна даа?
МҮОНР-гийн  түүхэн  80 жилийн  ойн  жил, тусгай  сайн хөтөлбөр   гаргаж байгаа. Нилээд онцлогтой шүү, тооны  бэлэгдэл бодоод тэрүү,  энэ жил МҮОНР-гийн  80 жилийн босгон дээр  гэдэг үүднээс ч  өөрчлөн, шинэлэг 80 нэвтрүүлэг төлөвлөн гаргаж байна.
 
-Уламжлалт нэвтрүүлгүүд дээр нэмж шинэчлэл хийсэн ямар, ямар нэвтрүүлэг  байна вэ?
Тийм ээ, урьд жилүүдэд явуулж байсан “Ахмадуудаа  дээшээ  морил ” нэвтрүүлэгтээ 1920-1930 оны үеийн нэр алдартай доктор, эрдэмтэн, соёлын  болон  урлагийн гавъяатууд ахмадуудаа оруулдаг. Тэд маань өдгөө 80, 90 настай  хүмүүс. Урьд  онуудад   нэвтрүүлэгт орсон ахмадуудаас дурдвал доктор н.Өлзийхутаг, н.Өлзийсүрэн дархан, яруу найрагч  Ш.Дулмаа, доктор н.Хайдав, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Рэнчин гээд олон хүний  хөрөг оруулж байсан. Мөн уламжлал болсон хаврын тэргүүн сарын нэвтрүүлэг болох “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийн “Алтан төлийн эзэд”-ийн “Алтан унага, хурга, ишиг, ботго, тугал” алтан төлийн эздийн  хөрөг нийтлэлүүд, мөн “Ургацийн далай” нэвтрүүлгийн тэргүүний  тариаланчдын алдар гавъяатнуудыг нэгтгэж оруулдаг юм. Бид хэдийгээр аварга тариаланчдаа 11 сард тодруулдаг ч цагаан сараар шагнал хүртсэн таван тариаланчийн  хөрөг нийтлэлийг хийж байна.
 
Мөн энэ жил Радиогийнхоо 80 жилийн ойд зориулан үе үеийн  ахмадуудынхаа  хөрөг нийтлэлүүдийг ч нилээдгүй оруулна.  “Монгол төрийн 9 дуу” гэсэн танин мэдэхүйн цуврал хийж байна. Цагаан сарын  нэвтрүүлэгт урьд жилүүдэд ихэвчлэн ёс заншлын талаар, цагаан сарын бэлэгдэл, цээр гаргах ёсын талаар ярьдаг, бичдэг байсан бол энэ жил арай өөрөөр төлөвлөж байна. Цагаан сарын баярын нэвтрүүлгийг гурван өдөр нэвтрүүлэхээс  гадна  шинийн найман хүртэл давтан явуулахад боломжтой, ард түмэнд танин  мэдүүлэх үүднээс нилээд шинэлэг  нэвтрүүлгүүдийг гаргаж байна. Энэ жилийн нэвтрүүлгийн өнгө  аяс нь эх орныхоо тухай, түүх шашдир, уул ус, уран сайхны зураглал, бодрол, эссэ, уран нийтлэл, хөрөг байх юм. Ер нь жилийн жил шинэ оны  өнгө төрх, товчоон гээд нэвтрүүлгүүд зонхилдог байсан. Тэгэхээр морь жилийн өнгө төрхийг дурдаад баахан морь жилийн нэвтрүүлэг орох болчихоод байгаа юм.
 
Түүнийг   өөрчлөн энэ жил зөвхөн  морь жилийн тухай  гурван  нэвтрүүлэг л орж байна. “Морь  жил” гэсэн хөрөг, “Морин жилийн төвөргөөн”, “Хөх морин жил өнгө” гэсэн  гурван нэвтрүүлэг л орж байна. Энэ гурван нэвтрүүлэг нь гурван өөр өнгө төрхийг харуулсан байх жишээтэй. Харин “Монгол төрийн алтан жолоо” нэвтрүүлэгт Морин жилд төрсөн монгол төрийн хаадын амьдрал түүхэн замналаас нь оруулсан  юм. Жишээ нь: Эзэн Чингэс хаан , Гүег хаан, Мандуул хаан, Хамаг монголын Хабул хаан гээд олон хаадууд  морин  жилд төрсөн  түүхтэй байдаг юм байна. Бид уламжлал ёсоор  улиран одож буй  жилээр нийгэм, эдийн засаг, улс төрийн талаар гадаад, ертөнц  талаас нь базаж нэгтгэн  нэвтрүүлэг хийгддэг байсныг өөрчилж “Морин жилд үлдээх захидал” гэсэн шинэ нэвтрүүлэг хийж байна.  Үүнд :Могой жилд нийгэм, улс төр, эдийн засгийн байдлыг ямар байсныг тоймлон  нэвтрүүлэгтээ тусгана. Монгол улсын эдийн засгийн өсөлтийг тоймолж  инфляци, импорт, экспортийн өсөлт, аж үйлдвэрлэлийн талаар “Эдийн засгийн эрээн гаднаа”  нэвтрүүлгээртээ оруулж байна.
 
МҮОНРадио нь 80 жилийн түүхтэй мэдээллийн томоохон  ууган байгууллага болохоор нэвтрүүлгийн бодлого чиглэл тухай бүр шинэчлэгддэг байх. Ойрын үед ямар  шинэчлэл хийгдэх гэж байна вэ?
МҮОНР –гийн хөтөлбөр нь шинэчлэгдэх гэж байна. Бид энэ гурван сард томоохон шинэчлэл хийнэ. Одоогоор бэлтгэл ажлаа базааж байна. Жишээ нь: “Хит парад”, “Дуун таавар”, Р3 радиогийн  хийдэг “Chart “, “Боломж хөтөлбөр”-ийг  P3 радиотой хамтарч хийх  гэх мэт нилээдгүй нэвтрүүлэг дээр өөрчлөлт хийгдэнэ. Ер нь нэвтрүүлгийн бүтцийг  өөрчлөх, хэлбэр хийцийг шинэчлэх гээд ажил хийгдэж байна. Сүлжээнд шинэчлэлт хийгдэх бэлтгэл ажил нилээд цэгцэрч байгаа. “Алтан цадиг” нэвтрүүлгийг  шинэ сүлжээнд суулгахдаа  түүх шашдир  судалдаг, тодорхой хэмжээний  цуглуулгатай сэтгүүлч  дагнаж  хийх гэх мэт шинэ сүлжээнд нэвтрүүлгүүдийн өнгө төрх, хийц хэлбэр өөрчлөгдөнө. Мөн шинэ нэвтрүүлгүүд сүлжээнд сууж байна.
 
Жишээлбэл: “Айсуй цагийн өнгө” нэвтрүүлгээр цаг наашилж, урин цаг ирж  байгаа талаар,  морин жил бүхэнд  монголчуудад онцлог үйл явдлууд тохиолддог болохоор ирэх жилийн өнгө аясыг сайн сайхнаар төсөөлж энэ нэвтрүүлгээрээ дамжуулж сонсогчиддоо хүргэнэ. Ер нь ирж буй Модон морь жилд  маш  өөдрөг  өнгөлөг, танин мэдэхүйн, ухаарал бодролын  олон сайхан нэвтрүүлгүүд сүлжээнд орж ирнэ.
 
Ярилцсан таньд баярлалаа. МҮОНР-гийн түүхэн 80 жилийн ойдоо амжилт бүтээлээр  арвин байхын ерөөл өргөе. Угтан золгож буй 17-р жарны Модон морь жилдээ  элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй.

Айсуй цагийн хөтөлбөр  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй