
ССАЖСайдын тушаалаар байгуулагдсан доктор Р.Барсболдын тэргүүлсэн ажлын хэсэг эх орноосоо гараад 30 гаруй жил болсон үлэг гүрвэлийн сүргийн ихэнх хэсгийг Монголдоо буцаан авчирлаа.
1980-аад оны дунд үеэр Японы 19 хотод гарган үзүүлсэн Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг Монгол орон ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжин орсны дараахан Европын орнуудад гарган үзүүлэх боломж нээгдсэн юм.
Тэр цагаас хойш Итали, Франц, Австри, Герман, Египет, Англи, Дани, Финланд, Португал, Испани, Сан Марино, Чили зэрэг 13 улсын нийт 30 хотод уг үзэсгэлэнг гарган үзүүлж, Монгол улсын шинжлэх ухааны салбарын амжилтыг сурталчилж, жуулчдыг Монголд татахын зэрэгцээ, улсын төсөвт багагүй орлого оруулж ирсэн байна.
Харин Европын улсуудын санхүү эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотой 2012-2013 онуудад үзэсгэлэнг гаргахаар саналаа ирүүлсэн хотууд манай үзэсгэлэнг авах боломжгүй болсон ба Шинэчлэлийн засгийн газар Монголд үлэг гүрвэлийн хэд хэдэн музей байгуулахаар хөтөлбөртөө тусгасантай холбогдуулан Европын орнуудаар аялан үзүүлж байсан үзэсгэлэнг буцаан Монголд авчрахаар болсон юм.
Ингээд үлэг гүрвэлийн үзэсгэлэн Монгол руу далайн тээврээр тээвэрлэгдэн энэ сарын 11-нд ирж ШУА-ийн Палеонтологийн төв хүлээн аваад байна.
Эл үзэсгэлэнд тарбозаврын 3 хэлхээ яс, том жижиг Орнитомимидын 4 хэлхээ яс, протоцератопсын 2 хэлхээ яс, Пситтакозаврын 2 хэлхээ яс, Овирапторын 1 хэлхээ яс, Хампсозаврын 1 хэлхээ яс, үлэг гүрвэлийн зулзаганы 3хэлхээ яс, аварга үлэг гүрвэлийн мөчдийн 4 олдвор, янз бүрийн үлэг гүрвэлийн 8толгойн яс, Үлэг гүрвэлийн өндөгтэй 2 үүр, янз бүрийн хэлбэр хэмжээтэй 10 өндөг, яст мэлхий болон үлэг гүрвэлтэй нэгэн цаг үед амьдарч байсан амьтад, ургаж байсан ургамлын төлөөлөгч болох усны сээр нуруугүй амьтад, загас, шавьж, ургамлын ор мөр зэрэг олдвор багтаж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Итали улсын Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монгол улсаас Итали улсад суугаа Элчин сайдын яам, Япон улсын засгийн газрын болон хувийн хэвшлийн байгууллагууд идэвхитэй тусалж хамтран ажиллажээ.
Үлэг гүрвэлийн үзэсгэлэн эх орондоо ирлээ | ||
Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.