УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Беларусь Улс нь Баруун Европын орнуудыг Азитай, Хар далайн эргийн бүс нутгийг Балтийн тэнгистэй холбох тээврийн гол зангилаа хэсэгт оршдог, дамжин өнгөрөх тээврийн чухал нутаг дэвсгэр бөгөөд экспортод чиглэсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр зуучлалын салбар хөгжсөн, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс гэдгийг танилцуулгын эхэнд онцолсон.
Тус улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, логистикийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо бий гээд энэ хүрээнд Беларусийн уул уурхай, хөдөө аж ахуй, нийтийн тээврийн болон барилгын салбарын машин механизмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Хоёр улсын Засгийн газарт хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, тээвэр логистикийн салбарыг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх сонирхол, боломж байна. Түүний дотор сүүний кластер, агро хотхон, керамик шил, лифтний үйлдвэрийг байгуулах, манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. Беларусь Улсад Элчин сайдын яамтай болсноор дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр, логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн Сангийн сайд мэдээлсэн.
Беларусь Улс дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, О.Баасанхүү нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуралдаанаар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж бий гэдгийг Сангийн сайд дурдаад АНЭУ-д Элчин сайдын яам байгуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ гэлээ. Тухайлбал, Эмират Улс нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзжээ.
АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар ажилладаг, АНЭУ Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн байна.
Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгдсэн хэмээн танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Дипломат ажилтнуудын томилгоонд анхаарч ажиллахыг анхааруулсан. Тэрбээр, гадаад оронд суух дипломат ажилтнуудын томилгоог сайжруулах талаар юу хийж байгаа талаар, томилогдсон хүмүүс гадаад оронд асуудал үүсгэвэл томилсон хүмүүс ямар хариуцлага хүлээх вэ хэмээн тодруулсан. Түүнчлэн Гадаад харилцааны сайд, дэд сайд болоод удирдах албан тушаалтнууд туслахаараа ажиллаж байсан хүмүүсийг гадаад улс дахь ЭСЯ-нд атташегаар томилсон асуудалд тайлбар хийхийг шаардсан.
Гадаад харилцааны дэд сайд Батцэцэг, сүүлийн гурван жилд гадаад болоод дотоод томилгоонд нухацтай хандан ажиллаж байгааг дуулгасан. Дэд сайдын мэдээлснээр нийт 20-иод залуус мэргэжлээрээ гурван жил ажиллаад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурлын шийдвэрээр гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газарт атташегаар ажиллахаар томилогдсон бөгөөд тэдэн дунд Гадаад харилцааны сайд, дэд сайдын туслахаар ажиллаж байсан хүмүүс багтсан аж. Дэд сайд томилогдсон бүх залуус мэргэжлийн хувьд туршлагажсан, бүх шаардлагыг хангасан гэдгийг тодотгосон юм.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх АБУ Даби хотод Монгол Улсын ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
| Минск, Абу Даби хотуудад Монгол Улсын ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив | ||
| Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.