Шууд Chart

Супер Коби

2020-01-31 12:30:53

Арван хоёр настай Коби Италид томчуултай тоглож байгаа энэ зураг өмнө нь хэд хэдэн удаа шуугиан тарьж байсан билээ. Энэ зураг дээр байгаа цаад хүн нь болох Федерико Биажини ийнхүү дурсжээ.

Сайн уу, дүү хүү. Би энэ зураг дээрх цагаан өмсгөлтэй хүн байна аа. Юу болоод өнгөрснийг гүйцэд мэдрэх гэж хоёр хоног зарцууллаа.

Сайн уу, дүү хүү... гээд би эхэлсэн дээ. Миний хувьд чи үргэлж 1989 онд Монтекатини Термед болсон Пиаттелли цомын тэмцээн дээр тоглож байсан дүү хүү хэвээрээ байх болно. Чөрчийсөн урт хөлтэй, туранхай хүү. Байдгаараа мишээчихсэн, нүд нь гялтганаад. Зөвхөн сагсан бөмбөгийнхөн ч биш, дэлхий тэр аяараа мэдэх мишээл.

Гучин жилийн өмнө тэр орой дүү хүү хожим хойно дахин давтагдаагүй онцгой юм хийж билээ. Аав “Билли Жо”-г дагаад томчуудын эсрэг зуны тэмцээний шувтаргын тоглолтод, томдоод өвдөг хүртэл унжсан өмсгөлтэй, арван нэгхэн настай ч аваргалж буй хүний зангарагтай. Тоглолтын үеэр нэрээ дуурсгахыг, зүгээр тоо бөглөж байгаа хүн биш харин гол дүрийн баатар байхыг чи хүссэн. Яг л замналынхаа турш үргэлж хичээж байсан шигээ.

Зуны тэмцээний шувтаргын тоглолт тухайн үедээ л хамгийн чухал тоглолт байж билээ. Тусканд сагсан бөмбөг ид цэцэглэж байх үед Монтекатинид болсон тэмцээнээр Сери А, B, C, D лигүүдэд тоглодог насанд хүрэгсэд Монтекатини, Пистоиа, Ливорно, Сиена, Флоренц гээд газар газраас ирдэг байлаа. Хожигдох гэж ирэх хэн байх вэ, бүгдээрээ л ширүүн үзэцгээдэг байв.

Нутаг нугын ривалууд, нэр хүндийн асуудал яригддаг, жинхэнэ “итали хорооллынхны” явдлын үеэр өөрийнхөө тэр их авьяас, хожим дэлхийг доргиосон ур чадвараар чиний мэдрүүлсэн тэр есөн шидийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ээ.

“Талбай дээр хүүхэд байна, хөөрхөн юм аа” гэж үзээд сууж байсан мянга гаруй хөгжөөн дэмжигчид өхөөрдөн бодсоны дунд мэл гайхсан ээж чинь чам руу хараад байж байсан байх.

“Талбай дээр хүүхэд байна, ядаргаа” гэж тоглогчид бодсон байх.

“Би одоо яах болж байна?” гэж чамайг хааж тоглох ёстой хүн бодсон. Тэр хүн нь би, Тусканы доод лигийн байдаг л нэг даржин тоглогч. Дүү хүү бөмбөг авчихлаа. “Жаахан хүүхэд шүү дээ, яав л гэж. Хөдлөөд яах вэ” гэж би өөртөө хэлэв. Дүү хүү гурваас шидчихлээ. Сүп гээд л торноос өөр юмны дуу гаралгүй яваад орчхов. Үзэгчид шуугилдаад, багийнхан маань намайг харцаараа зэмлээстэй.

Хүү ахиад л бөмбөг авлаа. “Жаахан хүүхэд шүү дээ, ялимгүй ойртоод, гараа өргөлгүйхэн хамгаалчихъя” гэж би өөртөө ахиад л хэлэв. Хүү тоож байгаа ч юм алга, ахиад л гурваас шидээд хийчихлээ. Үзэгчид шуугилдаад, багийнхан маань амандаа гүвтнэлдээд л, хожигдох дургүй дасгалжуулагч маань (дуртай хэн байх вэ дээ) завсарлага зарлаж дуудаад намайг олигтойхон хамгаалахыг үүрэгдэв. Буцаад талбай руу.

Хүү ахиад л бөмбөг авлаа. Үзэгчид тэр аяараа түүнийг шидээсэй гэж хүсэж байв. Бүгд дэмжээстэй. Багийнхан маань бүгдээрээ намайг хамгаалаасай гэж бодоостой. “Наадхаа битгий шидүүл” гэж хашгираад л. “Ай хог гэж, яадаг юм билээ?” гэж бодоод хүү рүү жаахан дөхөөд “Битгий л дээ” гэж харцаараа гуйлаа. Ямар ч аврал алга, харц нь бүр нэг шийдсэн төрхтэй (мамбагийн сэтгэлзүй аль хэдийн суусан байж уу?). Үзэгчид түүнийг дэмжээд бүр галзуурч байна аа. "Шидээрэй, шидээрэй" гээд л. Би хүү рүү харсан ч үгүй зөнгөөрөө гараа өргөн сарвалзуулав. Бараг өөрөөс нь том шахуу, хүнд бөмбөгийг аваад л өнөөх чинь өмнөх шигээ бодож санах юмгүй шууд шидэж байна. Харин аз болоход санаандгүй юм болж, би бөмбөгийг нь хааж орхив. Ээж нь намайг юу гэж бодсон бол? Үзэгчид илт дургүйцэж намайг муулан шуугилдаад, манай багийнхан харин юу ч болоогүй мэт тоглолтоо үргэлжлүүлсээр. Ийм инээдтэй ч юм шиг хөгийн байдалд орсондоо дургүйцээд би нэг муу инээхчээн болж, дасгалжуулагчид “Намайг суулгаадах, эсвэл чи өөрөө гарч ирээд энэ хүүхдийг хааж тогло” гэж хэлж билээ.

Тийм ээ... Тэр хүүхэд. Хэдхэн жилийн дараа л сагсан бөмбөгийн ертөнцөд хэний ч төсөөлж чадахааргүй тэр их мэдрэмжийг өгсний дотор хамгаас дотно хайрын захиа, хаана ч харагдаагүй салах ёс зүй ёсоор орох биз ээ.

Үүрд баяртай, дүү хүү. Чи одоо тэнгэрийн дагинасыг сагсан бөмбөгт дурлуулах байх даа, сагсанд оруулсан бөмбөгний тоогоор тэнгэрлэг үйл хийгээрэй гэж ирээд л. Хэзээ нэгэн цагт чи бид хоёр ахиад нэгийн эсрэг нэгээр үзэлцэж магадгүй, миний хийсэн тэр балиар хаалтын хариуг барих ч юм бил үү. Охин чинь бид хоёрыг харж шоолоод л.

5... 4... 3... 2... 1...

Үүрд баяртай, Коби. Сайхан байлаа.

Орчуулсан Д.Цогчулуун


Супер Коби   
Үзсэн: 5011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй