
Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улсад хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан.
Ингэснээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилж байгаа төдийгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулах боломжгүй болж байгаа юм.
Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар коронавирус дэлхийн 26 оронд 73 мянган хүн өвчилж, 1873 хүн нас бараад байна. Нийт нас баралтын 99.8 хувь нь БНХАУ-д байна. БНХАУ-д болсон цагаан сарын баярын үеэр тус улсын 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь уг өвчин тархах нөхцөл болсон гэж үзэж байгаа юм байна. ДЭМБ-аас коронавирусийн тархалт энэ оны дөрөвдүгээр сараас буурна гэж үзэж байгаа. Манай улсаас БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 хүнийг тусгаарласан. Одоогоор Монгол Улсад өвчлөл бүртгэгдээгүй байна. Гэхдээ Монгол Улсыг өвчлөл орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд бүртгээд байгаа.
Коронавирусийн сэжигтэй хүмүүсийг 28 хүртэл хоног хяналтад байлгах шаардлагатай гэж зөвлөж байгаа. Тиймээс Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгах тогтоол гаргалаа. Хорионы хугацааг сунгасантай холбоотой дэглэм өөрчлөгдөхгүй” гэв.
Сургууль, цэцэрлэгийн хориог ирэх сарын 30-ныг хүртэл сунгалаа | ||
Үзсэн: 1111 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.