Шууд Chart

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2020-04-17 18:34:04

УИХ-ын өнөөдрийн (2020.04.17) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 11 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Н.Учрал, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна.

Хууль зүйн байнгын хороо 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаар санал, дүгнэлт гаргасан байна. Тухайлбал, цахим архивын санг төлбөртэй болон төлбөргүй хадгалах үйлчилгээний талаарх зохицуулалтыг тусгах, үндэсний архивын сан хөмрөгт төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн архивын баримтыг хамруулах, төрийн архивын үндсэн чиг үүрэгт хамаарах хөмрөгийн баримтын агуулга, бүрэлдэхүүн, байршлыг цахим мэдээллийн санд оруулах зэрэг зохицуулалттай холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Түүнчлэн төрийн архивын ажилтны нийгмийн баталгааг хангах, төслийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан болно. Мөн төслийн зарим нэр томьёог холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэхтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, үг хэлсэн. Архивын үйл ажиллагаа, санг цахимжуулахтай холбоотой гишүүдийн асуултад Архивын ерөнхий газрын даргаар С.Энхбаатар хариулт өгсөн. Архивын санд 1600 оноос хойш түүхэн дөрвөн үед хамаарах 3.8 сая архивын нэгж хадгалагдаж байгаа юм байна. Архивын баримтуудыг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор нийт баримтын 30 орчим хувийг цахимжуулаад байгаа гэв. Хэлэлцэж буй төсөлд ч архивын үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой зохицуулалтууд туссан байна. Энэ хуулийн төслөөр архивын үйл ажиллагаанаас гадна албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хуульчилж байгаагаараа онцлогтой гэдгийг Ц.Нямдорж сайд хэлсэн. Мөн өнөө цаг үеийн талаарх аудио архив бүрдүүлэх үйл ажиллагаа эхэлсэн гэдгийг тэрбээр энэ үеэр мэдээллээ.

Ингээд ажлын хэсгээс бэлтгэж, Байнгын хороо дэмжсэн саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулаад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 


Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй