Шууд Chart

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Оффисын тэргүүн Каори Ишикаваг хүлээн авч уулзав

2020-10-27 10:42:34

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Монгол Улс дахь Оффисын тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Каори Ишикава НҮБ-ын Хүн амын сангийн зүгээс Улс орны VI хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудын бэлгийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийг сайжруулах, коронавируст халдварын эсрэг Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд зэрэг өргөн хүрээтэй асуудлыг танилцуулав.

Тэрбээр Монгол Улс эхийн эндэгдлийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд амжилттай бууруулсныг сайшааж, уг амжилтаа цаашид бататгахад НҮБ-ын Хүн амын сангийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн коронавируст халдварын цар тахлын үед эмзэг бүлгийн хүн амын дунд гэр бүл төлөвлөлтийн арга хэмжээ орхигдож болзошгүй байгаа талаар анхааруулж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, зайлсхийж болох эхийн эндэгдлээс сэргийлэх хүчин чармайлтаа эрчимжүүлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй байна гэлээ. Тэрчлэн Хүн амын сан болон бусад түншүүдээс тус байгууллагаар дамжуулан олгож байгаа санхүүгийн дэмжлэгийг эрүүл мэндийн салбарын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зарцуулах болно гэдгээ дахин нотлов.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсад шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж, нягт хамтарч ажиллаж байгаад НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Оффисын тэргүүн хатагтай Каори Ишикава болон түүний хамт олонд салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрээр алслагдсан орон нутагт жирэмсний хяналтад хамрагдаагүй эмэгтэйчүүд байсаар байгааг онцолж, анхан шатны тусламж үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах нь эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон зангилаа асуудлын цөм болохыг тэмдэглэв. Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хилийн боомт бүхий аймаг, сумдуудад анхаарлаа хандуулж, ПГУ лаборатори шинээр байгуулах болон бэхжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чангатгах зэрэг салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг танилцуулав. Цаашид хилийн боомттой аймаг, сумдад тусгаарлах байр бэлтгэх, лабораторийн хүчин чадавхийг бэхжүүлэх, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах чиглэлээр Хүн амын сангаас холбогдох дэмжлэгийг хүсэв.

Сайд Т.Мөнхсайхан салбарын хэмжээнд эхлүүлээд байгаа санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, сум болон аймаг, дүүргийн түвшинд үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгаа талаараа товч танилцууллаа.

Уулзалтад Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Хүн амын сангийн ажилтан Б.Шинэтөгс, Ч.Оюун, Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар байлцав.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Оффисын тэргүүн Каори Ишикаваг хүлээн авч уулзав  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй