Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзалт хийж энэ үеэр Цагаан хад суурьшлын бүсэд "Бага сургууль" барихаар харилцан санал солилцлоо.
Алслагдсан багт амьдарч буй хүүхдүүдэд гэр бүлийнхээ дэргэд, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангаас ХААН Банктай хамтран 2025 оноос “Багийн бага сургууль” төслийг санаачлан хэрэгжүүлж буй юм.
ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төслийг санхүүжилтээр дэмжин хамтран ажиллаж, 2025 онд Увс, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт 4 бага сургууль барьж өгсөн бөгөөд энэ жил Боловсролын яам, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаан хад суурьшлын бүсэд "Бага сургууль" барих төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Өмнөговь аймгийн ЗДТГ Боловсролын яамтай хамтран хилчид, Шивээхүрэн боомтын алба хаагчдын хүүхдүүдийн сурах эрхийг хангаж, Гурвантэс сумын Бага овоо багийн нутаг Овоотын хилийн заставт бага сургууль байгуулсан бол энэ удаа ХААН Банкны санхүүжилт, дэмжлэгээр дахин нэг шинэ сургууль барихаар боллоо.
Орон нутгийн зүгээс бага сургуулийн зураг төсвийг боловсруулах ажлыг удахгүй эхлүүлж, Цагаан хад суурьшлын бүсийг тосгон болгох, тус бүсэд эмнэлэг, Онцгой байдлын газар, төрийн үйлчилгээний төв зэргийг байгуулж, иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх тухай саналаа УИХ болон Засгийн газарт хүргүүлж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Н.Энхбат онцоллоо.
Ингэснээр Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчид, малчид, бизнес эрхлэгч иргэдийн 150 гаруй хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа дэргэд боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжтой болно гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

| Цагаан хад суурьшлын бүс сургуультай болно | ||
| Үзсэн: 78 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.