Шууд Chart

Далан насанд дарагдаагүй даамай их авьяас

2014-04-24 14:24:25

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Зураач Т.Гоош гээд даамай их хөдөлмөрч авьяаслаг хүмүүсийг харахаар “Эдний дэргэд миний байж байгааг, ер нь би юу хийсэн юм бэ?, эдний насан дээр ийм байж чадах болов уу,” гэсэн өөрийгөө чамласан бодол байнга орж ирэх. 85 нас дөхсөн Амбалай гавьяат  “Херо”-гийнхэнтай өдөр шөнийн 24 цаг давхиад зурганд орж сурвалжлага хийгээд л, тэгснээ номоо хэвлэлтэд шилжүүллээ гэх шиг ...

Гоош зураач 75 насандаа докторын шалгалтад тэнцчихээд тун удахгүй хамгаална гээд уншиж, судлаж явах. Аугаа хүмүүс аугаа л байдаг юм байна. Бут цагаан сортой, буржгар халимаг үсээ гялалзтал самначихаад, хар драпан пальтогоор гангарч, сэмбэлзтэл алхаж явах  Гоош зураач ясны дэгжин шаавай нэгэн. Түүний анхны бүтээл Монголын уран сайхны “Нүгэл, буян” киноны тайз, зураг, чимэглэл. Арван есхөн настай, урлагийн ертөнцөд нүдээ нээж амжаагүй, жигүүрээ дэлгэж гүйцээгүй Гоош хэмээх залуу зураачийн сэтгэлийн халгиа цалгианаас ундарсан оюуны их бүтээл.

Одоо энэ том том ярьсан, борвитой айраг шиг сагасан, хонгилоор дайрчих шахам өнгөрөх “хөндий цээжитнүүд”-ийн хэн нь 19 -хөн насандаа түүхэн том киноны ерөнхий зураачаар ажиллаад Монголын кино урлагт ийм сор бүтээл үлдээгээтхэв? Дуулдах л юм одоохондоо алга ...

 Тэр Тоохуар, Мядагмаа хоёрын гурван өрөөг үргэлжлүүлэн ком декорац хийсэн нь тухайн үедээ шинэ шийдэл байлаа. Бас Тоохуарын толгойн тус залсан хятад бурхан, тогостой хивс хоёрыг олох гэж “Есөн” гудамжны хужаа нарын гэрийг бүтэн сар хэссэн гэдэг. Бурхныг нь нэг өвгөн хужаа өгч харин хивсийг нь бүр олдохгүй болохоор нь өөрөө зурж билээ гэж Гоош зураач хуучилдаг. Ардын жүжигчин Цагааны Цэгмид, Чимэд-Осор, Ичинхорлоо гээд монгол ёс заншил, түүх соёлоо дээдэлдэг жинхэнэ алтан үеийнхэн түүнд зөвлөж, залуу зураач Гоошийн авьяасыг хөглөсөн хэрэг. Том авьяасыг тэд олж харсан, бас том итгэлийг түүнд хүлээлгэсэн. “Нүгэл буян” киноны тайз ёстой л “Булган сүүл”- тэй байж. “Гологдсон хүүхэн”, “Аман хуур”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Мартагдсан дууль” , “Цөвүүн цагийн Богд”, “Хааны сүүлчийн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно”, “Хубилай хаан”, Японтой хамтарсан, Итали, Австритай хамтарсан Чингис хааны тухай олон улсын болон Монголын шилдэг кинонуудад тэр ерөнхий зураачаар ажилласан байх юм. Бүтээгч нь далд, бүтээл нь ил байдаг тайз дэлгэцийн зураачийн өвөрмөц урлагт 5О шахам жил зүтгэсэн түүнд гавьяатын цолыг дөнгөж саяхан хүртээв. Үнэтэйдээ үнэхээр л үнэтэй шагнал аж.

Зураач П.Чулуунбаатар, Б.Батмөнх, Г.Ариунаа, н.Батцэнгэл гээд түүний шавь нар хувиа хүнд өгөхгүй чамбай зураачид. Нөхөд нь түүнийг  “Гоош, гуаш хоёр ихэр юм” гэж хошигнодог бол  Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Гуаш будгийн дайсан” гэж хачирлана. Харин киноныхон бол “Гоош гуайгаас гуаш гуйгаад, гүйгээд ирээрэй” гэсэн түргэн хэллэгийн дасгал зохиосон байх жишээтэй. Тэр ийм л хүнд ойрхон хүн. Бүтээлээс бүтээл төрдөг аж. Гоош зураач түүхэн киноноосоо сэдэв авч, тайзны чимэглэл, эд агуурс, хувцас сэлтийг бүтээсэн чимхлүүр нарийн хөдөлмөр, судалсан түүхэн судалгааныхаа үндсэн дээр  “Угсаатны судлал кино ба урлагт” гэсэн сэдвээр эрдмийн ажлаа хийж байна. Гоошийн бүтээлийг нарийн задлаж дэлгэж, тогтож судалсан хичээнгүй хүмүүнд нэг бус нижгээд эрдмийн бүтээл бий гэдгийг би баттай хэлж чадна. Түүний урын сан арвин, ундарга сайт мөрөн лугаа арвин. Дарагддаггүй дал ч биш, далан таван насаа гэж ...

Сэтгүүлч П.Алтанцэцэг


Далан насанд дарагдаагүй даамай их авьяас  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй