
Москва.1981 оны хавар.
“Монголын радиогийн сурвалжлах багийн гишүүн сэтгүүлч Гүрсэдийн Одхүүгийн домогт Байко нуураас Зөвлөлт Монголын сансрын нисгэгчдийн жолоодсон “Союз-39” хөлөг хөөрч буйг нүдэнд дурайтал өгүүлж, зүрх сэтгэл дэвэргэсэн шууд сурвалжлага, түүний оргилж догдолсон дуу хоолой... цаана нь газраас алдууран тэнгэрт цойлох хөлгийн нүргэлсэн чимээ, нислэг удирдах төвөөс өгч буй команд... гайхалтай тод сонсогдох нь Монгол хүн бүрийг гайхан бишрүүлсэн агаад Монголын радиогийн зууны шилдэг сурвалжлага болсон билээ.”... М.Чойжил “Чихнээ сонсголонт радио” түүхэн тэмдэглэлдээ ийн бичсэн байна.
1981 оны 3-р сарын 22-ны орой Москвагийн цагаар 17 цаг.
Тусгай томилолтоор Останкины төвд ажиллаж буй Монголын радиогийн сурвалжлах багийн ахлагч Д.Хасбазар, инженер Ч.Цэндбазар хоёр Г.Одхүүгийн сурвалжлагыг Байко нуураас хүлээн авч, эмхэтгэн цэгцлэж суулаа. Тэд ТАСС мэдээгээ дамжуулж эхэлмэгц л Улаанбаатар луу шууд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа нь энэ аж.
"Союз-39" хөлөг эх дэлхийн татах хүчнээс нэгэнт гарч, сансрын тойрог замд орсон нөхцөлд л ТАСС бүрэн эрхийнхээ дагуу албан ёсны мэдээ цацах ёстой. Үүний дараа хэвлэл мэдээллээр улс орон, дэлхий даяар зарлана. Энэ тухай сансарт хүүгээ үдсэн Монголын нам төрийн тодорхой хүрээнийхэн болоод сурвалжлах багийн гишүүд л мэднэ. Харин бусдад онцгой нууц байсан юм. Монголын радиогийн ерөнхий редактор Д.Хасбазараар ахлуулсан радиогийн баг, сэтгүүлч М.Чойжилоор ахлуулсан телевизийн баг ТАСС-ын мэдээг амьсгал даран хүлээж байлаа. Энэ бол эх орон аугаа их үйлсийг хүлээж, санаа зовж, догдолсон түүхийн алтан хормууд байв.
Шөнийн 00 цаг 30 минутаас өглөөний 5 цаг...
Улаанбаатараар зогсохгүй бүх аймаг хотууд, эх орны хязгаар сум, хилийн заставыг хүртэл нэг номерийн тусгай шуудангийн материалаар бүрэн чимсэн байв.
Хорин гуравны өглөө үүр манхайн цайх үеэр Монголын радио төрийн дууллаа эгшиглүүлэн, Зөвлөлт Монголын хамтарсан багийн жолоодсон “Союз-39” хөлөг сансарт амжилттай хөөрсөн тухай эх орон даяар хамгийн түрүүнд мэдээлсэн байна. Урьд шөнө нь телевизээр “Хаврын 17 учрал” кино үзээд унтсан зон олныг өглөө сэрэхэд ингэж л ер бусын гайхамшигтай шинэ орчин угтан авсан билээ. Түүнээс хойш монголчууд олимпийн аварга төрөхөд сая нэг сансрын тэр дуулиант мөчийг угтан тоссон шигээ магнай тэнийн бахдаж баярласандаа.
Сансрын хөлөг эх дэлхийгээ 109 минутад нэг удаа тойрч, тойрог зам дахь “Салют -6” станцтай залгагдан тэнд ажиллаж буй сансрын нисгэгч В.Савиных, В.Коваленок нартай уулзан золгож сансарт ажиллах долоо хоногийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэв.
“Салют-6” станцын долоо хоногийн турш хийж гүйцэтгэх ажлын хөтөлбөрийг цаг минутаар нарийн тооцоолж Зөвлөлт Монгол Улс хамтран хэлэлцэж батласан байлаа. Уг хөтөлбөрийн хамгийн эхэнд нисэх багийн гишүүд Монголын радиогийн тайлбарлагчтай ярилцана гэсэн байв. Өөрөөр хэлбэл, сансрын тойрог замд орсон нисгэгчид Монголын радиогоор дамжуулан анх удаа ард түмэнтэйгээ мэндчилнэ гэсэн үг.
Москва. Сансрын нислэгийг удирдах төв байр.
Эгнэн ярайсан олон телевизор... Нэг бүрийн өмнө сэтгүүлчид, инженер техникийн ажилтан, удирдах төвийн албан тушаалтнууд. Тэдний дунд чихэвч, микрафон зүүсэн нэгэн Монгол суусан нь манай Хас дарга байлаа. Тэрээр энэ тухай дурсахдаа “...сансрын дөрвөн нисгэгчийн амар мэндийг асууж, цаашдын хөтөлбөрөө амжилттай биелүүлэн, шинжлэх ухаан, сансар судлалд үнэтэй хувь нэмэр оруулан, эх дэлхийдээ эргэж буухын ерөөлийг дэвшүүлж билээ” гэж дэндүү даруу өгүүлдэг юм. Харин миний хувьд “...Хэрэв надад ийм хувь тохиосон бол... гэж төсөөлөн бодоход л бараг зүрх савлаад эхэлдэг”. Та ч нэг төсөөлөөд үзээрэй дээ.
Эгзэгтэй агшин торгон мөч Монголд.
Сансрын нисгэгчидтэй хийсэн энэ ярилцлагыг эх орон даяар анирдан сонсож ахуйд Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт тавлаг сайхан хаваржиж буй Жүгдэрдэмид гуайнд Монголын радиогийн тусгай сурвалжлагч Г.Мэнд-Ооёо /МУСГЗ, яруу найрагч/ зочилж, аав ээжийнх нь мэндийг алс Москвад суугаа Хас даргаар дамжуулан сансрын уудамд хүргэж байлаа. Монголын радио ийнхүү онцгой түүхэн үйл явдлыг хамгийн түрүүн мэдээлж, сурвалжилж, түүнийг Хас дарга маань хөтөлж, ахалж байсан юмаа.
Түүхт нислэгийн өмнөхөн
Монгол хүн сансарт нисэх талаар жилийн өмнөөс яригдаж,1980 оны намар хийсэн Зөвлөлт Унгарын сансрын хамтарсан нислэгийн үеэр сурвалжлах ажилтай танилцах томилолт гардсан Хас дарга, Д.Жаргал, Д.Цэдэвсүрэн нар газар дээр нь очиж ажилласан байна. МАХН-ын төв хорооны нууцын зэрэглэлтэй 72 дугаар тогтоолоор нислэгийг сурвалжлах багийн бүрэлдэхүүн батлагдсанаас хойш тэрбээр үндсэн ажлынхаа хажуугаар сансар судлалтай танилцах давхар үүрэг хүлээж, нислэг эхлэхээс өмнө зөвлөлтөд очиж Циолковскийн музей, Кролевын гэр музей, Гагарины ажлын өрөө, түүний осолдож амиа алдсан ойн зурвас, Оддын хотхон, “Интеркосмос” төв зэрэг олон арван газраас сурвалжлага бэлтгэн Улаанбаатарт илгээжээ. Тэр нь сансрын долоо хоногт Монголын радиогоор түмэнд түгээх нөөц нэвтрүүлгүүдийг зэхэж байсан хэрэг ажээ. Юутай ч тэр үеэр 100 гаруй сэдэвт нэвтрүүлэг бэлтгэсэн байдаг юм.
Хас даргын хувьд сансрын сэдэв ингээд дууссангүй хожим нь Монголын радиогийн Москвад суух сурвалжлагчаар ажиллаж байх үед нь сансрын нислэгийн 5,10 жилийн ой тохиож, энэ тухай олон арван нэвтрүүлэг хийхдээ тэр үед амьд сэрүүн асан зөвлөлтийн сансрын нисгэгчидтэй уулзсан юм билээ. Энэ ч бас л хүн болгонд олддог аз завшаан биш дэгээ.
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг үнэн юм санж...
Дашийн Хасбазар нь Сүхбаатар аймгийн Хонгор, одоогийн Баяндэлгэр сумын Алтат хэмээх газар малчин айлын хүү болон мэндэлжээ. Айлын ганц хүүгийн бага нас, сургууль соёл хөдөөгийн хүүхдүүдийн л адил өнгөрч, улмаар 1960 онд УБДС-ийг түүх газар зүйн багш мэргэжлээр төгсчээ.
Дөрвөн уулын дунд хаврын униар татаж, сургуулиа дүүргэсэн залуусын сэтгэл тэмүүлэх хоргодохын завсарт... Сүхбаатар аймгийн сумын дунд сургуульд багшлах томилолт өвөрлөсөн залуу Хасбазар хоёр шуудайд хувцас хунар юухан хээхнээ хийж тавьчихаад, нутаг явах унаа мал сураглаж, бас ч сургуулиараа орж гарч байсан үе. Тэгсэн салбарын декан нь дуудаж байна гэнэ. Яваад оржээ.
- За нөхөр минь чи Сүхбаатар явахаа больсон. Чамайг өөр газар хуваарилсан. Засгийн газрын ордны гадаа хүн хүлээж байгаа. Хурдан оч! гэснээр Монголын радиогийн редактор сурвалжлагч гэсэн үнэмлэх гардаж, 800 төгрөгийн цалинтай ажиллаж эхлэв. Ингэж л Хас даргын амьдрал Монголын радио хэмээх их айлтай үүрд холбогдсон гэдэг юм. Залуу Хас гурван жил радиод ажиллаад үзэл суртлын хэлтэс одоогоор улс төрийн редакцын эрхлэгч болжээ. 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ой тохиож нүсэр ажил өрнөж байлаа. Өөрийнх нь толгойлсон хэлтсийнхэн “Монгол ардын суут”, "Д.Сүхбаатарын журмын нөхөд”, зэрэг цуврал нэвтрүүлгээс гадна бүх аймаг, хот тус бүрээр нэг цаг, нэг өдрийн бүтэн нэвтрүүлэг хийж амжилттай ажилласан тул ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль, “Алтан гадас” одонгоор шагнуулан, төдөлгүй ЗХУ-ын коммунист намын дээд сургуульд суралцах томилолт гарджээ. Тэрбээр бас Москвад нийгмийн ухааны академийн дээд курсыг хоёр удаа дүүргэсэн байна.
Тэглээ гээд Хас үзэл сурталжсан час улаан коммунист байсангүй. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжих тэр үед ч аль нэг талыг үл барин үндэсний радиог байх ёстой тэр л цэг дээр нь тогтоон барьж чадсан манай ухаалаг удирдлагуудын нэг мөөн.
1960,70 -аад он бол Монголын радио техник төхөөрөмжийн хувьд бэхжиж олон улсын жишигт хүрсэн түүхэн хөгжлийн он жилүүд байв. Үүнээс гадна аугаа их С.Гончигсумлаа, Чимэддорж.... алдарт Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, Д.Лувсандорж, З.Дорж... нэвтрүүлэгч Д.Цэвээндорж, хоёр Чулуунбат... гээд сор болсон уран бүтээлчид, дээр нь өөр салбараас ч хамгийн шилдэг сэхээтнүүд хүч нэмж Монголын Радио жинхэнэ утгаараа урлаг соёлын том төв болсон “алтан үе”-ийн он жилүүд байсан юм. Чухамхүү тэр үеийн тавьсан том суурь, дэг жаяг дээр үндэслэн үе үеийн шилдэг сэхээтэн, уран бүтээлчид жигдэрч өдгөө МҮОНР 80 насны ойтойгоо золгон буй нь энэ билээ.
Талын малчны хүү сургууль соёлоор дамжин боловсрол эзэмшсэнд гайхах юм алга. Харин хөдөөгийн суманд очих гэж байсан залуу багшийг гэнэтхэн Монголын радиогийн редактор болгох гэж хэн дуудав... хэн албан тушаал өгсөөж, хэн гадаадын том сургуульд явуулав. Бас Монголын ард түмний зуун зууны бахархал болох түүхэн үйл явдлыг сурвалжлуулахаар хэн томилсон юм бол?
Залуу Хасбазарт тал тохой татах сайд дарга, ах дүү хамаатан садан байсангүй, тэр өөрөө нэр төр хөөцөлдөхгүй. Яагаад гэвэл бурхан багш тийм авьяас заяасангүй л дээ. Тэгээд яагаад...? гэж өнөөгийн хэн нэгэн бодож магад....
Тэгвэл “Энэ эрхэм хүн мэдлэг мэргэжилдээ эзэн хаан шиг сууж, бусдын итгэл найдварыг даасан шиг дааж чадсан”. Ийм хоёрхон зүйл л түүний бүхий л амьдралын учир утга гэж би хэлнэ. Одоо гавьяаныхаа “гавьяатгүй” амралтад суугаа ч миний энэ бичвэрийг Хас дарга харсан бол хэрхэн яаж засах бол? гэж эргэж заавал нэг хардаг юм. Зөвшөөрөлгүйгээр өөрийнх нь тухай элдэв юм сараачсан би ч "алуулах” байх аа.
Монгол хүн сансарт ниссэн тэр баярт өдрүүдийн үеэр сансрын нисэгчдээс өөр хэнийг ч шагнаагүй гэж байгаа. Уг нь энэ үйл явдалд оролцсон нэр бүхий хүмүүсийг шагнах тухай тогтоолыг НТХ гаргачихсан юм билээ. Тэгээд яг өгдгийн даваан дээр “Изотоп”-ийн хэрэг гэгч мандаж, түүнд нь сансартай холбоотой ч юм уу? сансрын нислэгтэй ч холбоотой юм уу нэг нөхөр ороогдсон учраас нэг ч хүнд шагнал өгөөгүй, тэр чигээр нь мартчихаад одоо болтол санахгүй байгаа юм гэдэг. Тэр тогтоолтой цуг Хас дарга ч мартагдаж, орхигдсон нь харин яалт ч үгүй үнэн юм шүү.
Сонирхуулахад: Хас даргад Болгар улс үндэслэгдсэний 1000 жилийн ойн медаль, гарамгай удирдагч Георгий Демитревийн мэндэлсний 100 жилийн ойн медаль, Болгар улсын 40 жилийн ойн медаль гээд тус улсын төрийн зөвлөлийн нэг тогтоолоор нэг дор гурван медаль гардуулсан байдаг юм даа.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Б.Мягмаржав
ХАС дарга... | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.