
МҮОНТ-ийн II нэгдлийн редактор, зохиолч Б.Сарантуяагийн “Сайн хаан Бат” роман нь зохиогчийн хоёр дахь түүхэн роман юм. Тэрбээр анх 2012 онд “Сорхугтани” романаа бичиж хэвлүүлсэн нь өнөөг хүртэл шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтсаар байна. Зохиогч уг бүтээлээрээ 2012 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртжээ.
“Сайн хаан Бат” романд 19 настай залуу хөвүүн Бат, их эзэн Чингис хаан өвгийнхөө захиас зарлигийг хүлээн авч амьдралынхаа зорилго болгосон цагаас хойш хэрхэн наран шингэх үдшийн орнуудыг байлдан дагуулсан тухай болон, Ижил мөрний хөвөөгөөр бууриа засаж Алтан ордын улсаа байгуулан, өнөөгийн агуу уудам Орос орныг нэгтгэн захирч, 250 гаруй жилийн туршид монголчуудын эзэмшилд байлгах эхлэлийг тавьсан тухай өгүүлнэ.
Мөн энэ романаас Монголын түүхийн гайхамшигт цаг үе 13 зууны үед амьдарч байсан түүхэн хүмүүс, тэднийг баатарлаг үйлс, хүсэл зорилго, бодол санаа, өнөөгийн биднийг хүртэл өртөөлөн ирсэн арилшгүй зам мөрийн тухай уншихдаа хэрхэн түүхэн үнэнээс гажихгүй уран зохиолын аргаар өгүүлснийг харах боломжтой. “Сайн хаан Бат” романыг уншсанаар, гадны хүний нүдээр бус монгол хүний нүдээр өвөг дээдсийнхээ түүхийг сөхөн харж, тэднээс үлгэр дуурайл авч, суралцаж, түүхэнд сайн хаан Бат нэрээр үлдсэн эрхэм хүмүүн, эрэлхэг жанжин, сайн хаан Батын тухай илүү ихийг мэдэж, оюун санааныхаа ертөнцөөр түүхт 13 –р зуунаар аялах боломж нээгдэж байгаа юм.
“Сайн хаан Бат” роман ном эрэлт ихтэй байна | ||
Үзсэн: 2153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.