Шууд Chart

Алиша Кнофлүүк: Би тусламжийн машинд суугаагүй үлдсэн дөрөвхөн унаачийн нэг байсан ч хэт халуунаас болж морь унах боломжгүй болсон

2022-06-30 10:50:53

Тусламж шаардлагатай эмзэг бүлгийн хүүхэд, өрхөд туслах зорилготой “Veloo” сангийн “Хөх чонын сүлд” хандивын морин аялалд гадаадын 18 аялагч оролцож байна. “Хөх чонын сүлд - 2022” хандивын морин аялалд оролцож буй АНУ, Канад, Австрали, Их Британи, Нидерландын 18 аялагч 84 хоногт 3600 км замыг мориор туулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. “Хөх чонын сүлд” морин аяллын сонин сайхнаас хүргэе.

“Хөх чонын сүлд” хандивын морин аяллын баг өчигдрийн байдлаар 2600 гаруй километрийг туулсан бөгөөд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын ойролцоо Мухарын гол гэдэг газар аяллаа үргэлжлүүлж байна.

Морин аяллын унаачдын нэг Алиша Кнофлүүк аяллын явцдаа морь худалдаж авсан бөгөөд өөрийн шинэ морио “Хөх чоно” гэж нэрлэжээ. Унаачид  морьдоо сэлгэх зорилгоор өдөр бүр өөр морь унадаг бөгөөд унаач Алиша өөрийн гэсэн морьтой болох хүсэлтэй байсан учир аяллын үлдсэн хугацаанд унах морь худалдан авахыг хүсч буйгаа илэрхийлжээ. Гурван долоо хоногийн турш хайсны эцэст Алиша хүсч байсан морио олж, худалдан авчээ. Гэсэн хэдий ч аяллын төгсгөлд “Хөх чоно” морийг Канад руу авч явах боломжгүй учир Алиша өөрийн морио “Вэлүү” санд хандивлахаар болсон байна. Алиша Кнофлүүк өөрийн фейсбүүк хаягтаа “Хөх чоно” морины тухай тэмдэглэлүүдээ тогтмол нийтэлдэг.

“Хөх чонын сүлд” морин аяллын унаачид хэн хүнд баймгүй тэсвэр тэвчээрийг гаргаж 3600 километрийг мориор туулах зорилго тавин аяллаа эхлүүлээд аагим халуун, хүйтэн сэрүүнийг сөрж өдгөө 2600 километрийг амжилттай туулаад байна. Унаачид аяллын турш тохиолдсон зүйлсээ өөрсдийн фэйсбүүк хаягаараа бусдад хүргэж байгаа бөгөөд унаач Алиша хэт халуунаас болж хүчилтөрөгчийн дутагдалд орсон тухайгаа хуваалцжээ. Тэрбээр “Хэдийгээр өөрийн шинэ морь болох “Хөх чоно”-ыг харан баяр хөөртэй байгаа хэдий ч аяллын явцад хүндрэл бэрхшээлүүд тулгарч байгаа. Хэдий би тусламжийн машинд суугаагүй үлдсэн сүүлийн дөрөвхөн унаачийн нэг байсан ч хэт халуунаас болж өчигдөр /уржигдар/ морь унах боломжгүй болж үлдсэн 20 километр газрыг машинаар туулсан. Тусламжийн машинд явж байхдаа би өөртөө уур хүрч, цухалдан уйлсан. Харин өнөөдөр /өчигдөр/ бие маань эргэн хэвийн байдалдаа орсон ч өчигдөр /уржигдар/ өөрийгөө яагаад хянаж чадахгүй байснаа ойлгохгүй байна. Гэхдээ энэ явдал аяллын турш олж авсан олон сургамжийн минь нэг байлаа” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Алиша Кнофлүүк: Би тусламжийн машинд суугаагүй үлдсэн дөрөвхөн унаачийн нэг байсан ч хэт халуунаас болж морь унах боломжгүй болсон  
Үзсэн: 3408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй