Шууд Chart

БНХАУ-ын компанитай түншлэх сургаар “Тесла” компанийн хувьцаа өсөв

2024-04-30 14:35:44

Даваа гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян АНУ-ын цахилгаан автомашины Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийг хүлээн авч уулзсан. Ийнхүү хүлээн авч уулзахдаа тэрбээр БНХАУ гадны технологийн компаниудтай хамтрахад үргэлж нээлттэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Мөн Илон Маск Хятадад очсоноороо Гүүглийн Хятад хувилбар гэж хэлж болох Байду хайлтын системийн компанитай түншлэхэд аливаа удирдлагын түвшний саад тотгорыг арилгаж чадсан гэдгээ мэдэгдсэн. Энэ мэдээгээр өнгөрсөн хугацаанд нэлээд унаад байсан Теслагийн хувьцаа эргэн өсжээ.

Тодруулбал, Теслагийн хувьцаа Даваа гарагийн байдлаар 12 хувь өссөн байна. Өнгөрсөн хугацаанд Тесла компани ажилчдаа цомхотгох зэрэг зарим шийдвэрийнхээ улмаас хувьцааны үнэ нь огцом унаад байсан юм. Илон Маск Байду компанитай түншлэхээр тохиролцож чадсанаар цахилгаан машинаа Хятадын зах зээлд гаргах боломжтой болж байгаа юм. Тэр дундаа автомат жолоодлоготой цахилгаан авто машинаа Хятадын зах зээлд нийлүүлэх зорилготой байгаа юм. Олон улсын шинжээчид энэ тохиролцоог түүхэн мөч байлаа гэж дүгнэж байна. Хятад улс Теслагаас дутахааргүй дотооддоо цахилгаан машин үйлдвэрлэж, дэлхийд гаргадаг, энэ төрлийн зах зээлд томоохон байр суурьтай улс.

Тесла Хятадын зах зээлд цахилгаан машинаа нийлүүлнэ гэдэг нь Хятадын цахилгаан машинтай өрсөлдөнө гэсэн үг. АНУ-тай харьцуулахад Хятадад цахилгаан машины эрэлт сул. Энэ утгаараа Теслагийн хувьд Хятадын зах зээлд нэвтэрнэ гэдэг хүндрэлтэй мэт харагдаж болно. Гэхдээ урт хугацаандаа цахилгаан машины байр сууриа хадгалж, олон улсад автомат удирдлагатай цахилгаан автомашинаа хүлээн зөвшөөрүүлэхэд Хятадын компанитай түншилж байгаа нь маш том тус болох боломжтой гэж шинжээчид үзэж байна. Автомат жолоодлоготой цахилгаан автомашиныхаа технологийг ч Хятадын компанитай хамтарч илүү сайжруулах боломжтой юм. Байду хайлтын системийн байршил тогтоох, хайгуулын систем маш өндөр хөгжсөн тул энэ системийг нь ашиглаж автомат жолоодлогыг илүү нарийн хөгжүүлж, зогсоолд байршуулах зэрэг энгийн үйлдлүүдийг жолоочгүй гүйцэтгэдэг болоход нь туслах юм. Хэрвээ технологи нь сайжирчихвал энэ төрлийн автомашин дэлхийн зах зээлд гарч өргөнөөр худалдаалагдахад нэг алхам урагшлах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Одоогоор Тесла компани зөвхөн АНУ-д автомат жолоодлоготой цахилгаан автомашинаа гаргасан байгаа. Гүйцэтгэх захирал Илон Маскийн хувьд автомат жолоодлоготой автомашин бол ирээдүйд хүн төрөлхтний гол хэрэглээ болох технологи яахын аргагүй мөн гэж үздэг хүн юм. Гэхдээ автомат жолоодлоготой машин одоо ч зарим сорилттой тулгарсаар байна. Одоогоор Теслагийн энэ төрлийн автомашины жолоодлого хиймэл оюун дээр суурилж байгаа. Жолооч хүсвэл автомашинаа өөрөө жолоодож болно. Гэхдээ ирээдүйд хүрээсэй гэж хүсэж байгаа хөгжил нь огт жолооч хэрэггүй автомашин бүтээх. Гэвч одоогийн автомашиныг нь заавал хүн харж хянах шаардлагатай, эрсдэлтэй технологи хэвээр байсаар байна. Одоогоор Тесла автомат жолоодлогын машины 13 осол бүртгэгдээд байна. Эдгээр осол дунд нэг хүн амиа алджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын компанитай түншлэх сургаар “Тесла” компанийн хувьцаа өсөв  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй