Шууд Chart

БНХАУ-ын дарга дэлхий даяар дайтаж байгаа орнуудыг гал түр зогсоохыг уриалав

2024-05-07 14:22:10

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт Европын Франц, Серби, Унгар гэсэн гурван улсад айлчлал хийж байна. 

Даваа гарагийн байдлаар тэрбээр Парис хотноо Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Европын Коммисын Ерөнхийлөгч Урсула Фон дер Ляйен нартай уулзлаа.

Европын удирдагчид Хятадын дарга Ши Жиньпинд ОХУ-тай бусад орноос илүү эерүү харилцаатайгаа ашиглаж одоо өрнөж байгаа Орос-Украины дайныг дуусгахад уриалж өгөхийг хүссэн байна.

Хятадын дарга энэ үгийг найрсгаар хүлээн авч, дэлхий дахинд дайтаж байгаа улс орнуудыг энэ зуны Олимпын наадмаар гал түр зогсоохыг уриалжээ.

БНХАУ-ын дарга Европт 2019 оноос хойш анх удаа айлчилж байгаа. Түүний 5 жилийн дараах айлчлалын эхний орон болсон Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнийг найрсгаар хүлээн авч уулзаж байна.

Парис хотод болсон дэлхийн удирдагчдын гурвалсан уулзалтын үеэр худалдааны асуудлаас эхлээд Украины дайн хүртэл олон талт яриа хэлцэл өрнүүлжээ.

Хятад улсын хувьд сүүлийн жилүүдэд ОХУ-тай худалдаа болон батлан хамгаалах салбарын харилцаагаа бэхжүүлэх болсон.

Харин барууны орнууд, тэр дундаа АНУ энэ хоёр улсад хоёуланд нь худалдааны хориг тавьсан байдаг. Ялангуяа ОХУ-ыг Украин руу гэнэт халдан довтолж дайн эхлүүлсэн гэдэг үндэслэлээр худалдааны олон янзын хориг тавьсан.

АНУ-ын худалдааны хоригт ижил орсон Хятад, Орос хоёр улсын худалдаа эргэлт өнгөрсөн 2023 онд 240 тэрбум долларт хүрч, түүхэн дээд цэгтээ хүрсэн байна.

Энэ нь өнгөрсөн оныхоос 26 хувиар худалдаа эргэлт нь өссөн гэсэн үг юм. Хятадын Орос руу явуулах бараа түгээлт мөн л 2023 онд 47 хувиар өссөн бол Оросоос Хятадад орж ирэх импорт 13 хувиар өсжээ.

Улмаар өнөө цагт ОХУ-тай хамгийн ойр харилцаатай ч Европт айлчилж байгаа БНХАУ-ын даргын байр суурь нэлээд чухал үүрэгтэй болж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Хятадын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч, Европын Коммисын Ерөнхийлөгч нарын хүсэлтийг хүлээн авч гал зогсоох талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Ингэхдээ “Өнөөгийн дэлхий ертөнц энх тайвнаас асар холджээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн болоод хариуцлагатай улс орны хувиар БНХАУ БНФУ-ын хамтаар дэлхий даяар дайтагч улсуудыг Парисын олимпын үеэр галаа түр зогсоохыг хүсэж байна” гэж хэлсэн байна.

Дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон Олимпын наадмын үеэр зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох нь удаан жилийн өмнөөс тогтсон дэлхий дахины уламжлал гэж хэлж болно.

Энэ зун долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх Олимпын наадам, наймдугаар сар дуустал үргэлжлэх Паралимпын наадмыг зохион байгуулагчийн хувиар энэ уламжлалыг дахин давтахын төлөө хичээнгүйлэн ажиллана гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дурджээ.

Энэ сарын сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадад айлчлах төлөвтэй байна.

Энэ үеэр Хятадын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчтэй гал түр зогсоох талаар зөвшилцөхөд энэ удаагийн Франц улсын тэргүүнтэй хамтарсан мэдэгдэл тодорхой хэмжээнд түлхэц үзүүлэх байх гэж Францын албадууд хүлээлт тавиад буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга дэлхий даяар дайтаж байгаа орнуудыг гал түр зогсоохыг уриалав  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй