
Монгол Улсын Үндсэн Хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Тус хууль нь 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэхүү хууль бий болгожээ.
Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх зэрэг эрхүүдийг олгоно. Мөн засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгууль явагдах зэргийн талаар товч агуулдаг
Үндсэн хууль бол эрх бүхий төрийн байгууллагаас онцгой журмаар эсвэл нийт ард түмний санал асуулгаар батлагддаг хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай, төрт ёс, хууль ёс, хэв журмын үндсэн болсон төрийн гол баримт бичиг юм. Дэлхийн улсуудын үндсэн хуулиуд нь тухайн улсын түүх, нийгэм, соёлын онцлогоос шалтгаалан зохицуулах зүйлийн хувьд өөрийн гэсэн онцлогтой байдаг боловч ардчилсан хэв шинж бүхий үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө, тухайн улсын төрийн байгуулалтын асуудал тусгалаа олсон байдаг. Үндсэн хуулийн мөн чанар нь түүний суурь, ардач, бодит, тогтвортой шинжүүдээр илэрдэг.
- Үндсэн нийгмийн бүх харилцааг зохицуулдаггүй бөгөөд гагцхүү гол, чухал, тулгуур харилцааг зохицуулдаг нь түүний суурь шинж бөгөөд нийгмийн бусад харилцааг ердийн хууль, хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.
- Үндсэн хуулийн ардач шинж нь уг хууль ард түмний ашиг сонирхлыг бүрэн дүүрэн илэрхийлж байгаагаар илэрдэг. Иймээс үндсэн хуульд ард түмний оюун санаа, хүсэл эрмэлзэлтэй шууд холбогдсон нийгмийн харилцааг тусгасан байх бөгөөд уг хууль ард түмнээс шууд, эсвэл төлөөлөгчдийн байгууллагаар уламжлагдан батлагдана.
- Үндсэн хуулийн бодит шинж нь уг баримт бичиг тухайн улсын нийгэм, эдийн засаг, улс төр, оюуны санааны тодорхой түвшин, бодит нөхцөл байдлыг тусгадагт оршино.
- Үндсэн хууль нь урт удаан хугацаанд тууштай үйлчлэх баримт бичиг учраас тогтвортой байдал нь түүний чухал шинж бөгөөд үндсэн хуулийг тэр бүр өөрчлөөд байх нь нийгэмд тогтворгүй, эмх замбараагүй, хямралт байдал үүсгэх сөрөг үр дагавартай юм. Тухайлбал дэлхийн анхны бөгөөд хамгийн тогтвортойд зүй ёсоор тооцогддог 1787 оны Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хууль 200 гаруй жилийн хугацаанд 27 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн замналаас...
Монгол Улс нь 2000 гаруй жилийн төрт ёс, хууль цаазын түүхэн уламжлалтай орон билээ. Олон зуун жилийн уламжлал бүхий улс маань нэгэн тугийн дор нэгдэж, төрт улсаа байгуулж, төрт ёсыг тогтоож, хууль цаазыг тунхаглаж ирсэн хэдий боловч тухай үеийн нийгмийн байдал, хөгжлийн үйл явцтайгаа холбоотойгоор XX зууны эхэн үе хүртэл хугацаанд улс нийтээр сахин биелүүлэх Үндсэн хуульгүй байж ирсэн. Харин 1921 онд тусгаар тогтнолыг байгуулж, ялан мандсан үндэсний ардчилсан хувьсгал нь түүхийн цоо шинэ хуудсыг нээж, Монгол Улс хөгжил дэвшлийн замналаар замнаж эхэлсэн бөгөөд анхны Үндсэн хууль батлах чухал нөхцөл бүрдсэн билээ.
Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль (1924-1940) нь 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталсан ба Монгол Улс нь тусгаар тогтносон улс бөгөөд бүрэн эрхэт, адил тэгш байдлын үндсэн дээр бусад оронтой найрсаг харилцаа тогтооход бэлэн гэдгээ дэлхий дахинаа тунхаглал зарласан байна. Энэ Үндсэн хууль нь Монголын түүхнээ хаант ёсыг халж, туурга тусгаар төр улс гэдгээ дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой, анхны баримт бичиг мөн.
Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хууль (1940-1960): 1930-аад оны сүүл үеэс манай улс дэлхий нийтийн хөгжлийн чиг баримжааг харгалзан тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах зорилго тавин түүнийг хэрэгжүүлэхийн тулд үндсэн хуулиа шинэчлэх шаардлага бий болж, хоёр дахь үндсэн хуулиа баталсан байна. Энэхүү хуульд хүний эрх, эрх чөлөөг нэлээд өргөн хүрээгээр оруулсан нь дэвшилттэй алхам болжээ. Тухайлбал, иргэдийн амрах, тэгш байх, эвлэлдэн нэгдэх, төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол мэдүүлэх, оршин суух газраа сонгох, чөлөөтэй үг хэлэх, гудамжаар жагсах, амь бие халдашгүй байх гэх мэт эрхүүдийг тус тус хуульчилсан. Эдгээр эрхүүдийг хуульчлахын зэрэгцээ хэрэгжүүлэх баталгааг нь тухай бүрт нь хамт зааж өгсөн нь өмнөх Үндсэн хуулиудтайгаа харьцуулахад бодит шинжийг илүү агуулсан байна.Түүнчлэн 1944 онд бүх нийтийн сонгуулийн эрх, 1949 оноос бүх нийтийн төдийгүй тэгш бөгөөд саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг тогтоож, эдүгээ хүртэл хэрэглэж байна. Зарчмын хувьд энэ бол шууд ардчиллын хөгжилд хийсэн нэг алхам болсон байна.
Монгол Улсын гуравдугаар Үндсэн хууль (1960-1990):Монгол Улс 1960 оноос социализмыг төгөлдөр байгуулж, цаашид коммунизмд шилжин орох зорилго тавьж 1960 оны долоодугаар сарын 6-ны өдөр гурав дахь Үндсэн хуулиа баталсан. Уг хуулиар иргэдийн эрх, түүнийг хангах баталгааг хуульчилсан боловч эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах зэрэг эрх, эрх чөлөөг тусгалгүй орхигдуулсан байдаг. Энэ хууль нь өмнөх хуулиудын нэгэн адил социалист хэв маягт багтах ангийн шинж чанартай Үндсэн хууль байсан юм.
Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль (1990-1992):1980-аад оны сүүлч, 1990-ээд оны зааг дээр манай улсад нийгмээ эрс өөрчлөн шинэчлэх, нийгмийн амьдралын бүхий л хүрээг ардчилах, улсаа зах зээлийн харилцааны дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагын дагуу хөгжүүлэхэд чиглэсэн үйл явц, ардчилсан хөдөлгөөн эрчимтэй өрнөж, улмаар улс төрийн шинэ нам, холбоо, эвслүүд байгуулагдан улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулиа батлан 1992 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү шинэ Үндсэн хууль нь өмнөх хуулиудтайгаа харьцуулахад иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх хөгжлийн шинэ чиг баримжааг тунхаглаад нийгэмшлийн дөрвөн үндсийг цоо шинэ зарчмын дагуу тодорхойлж, Монгол Улс нь дэлхийн олон улсын соёлт ард түмний туулж ирсэн жам ёсны хөгжлийн замыг эргэлт буцалтгүй сонгож, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон. Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Оршил хэсэгтээ “ Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн ард түмний туйлын хүслэн, эрхэм зорилгыг тунхагласан байна.
Монгол Улсын Үндсэн хууль нь Монгол Улсын төлөө, Монгол Улсын иргэн бидний төлөө, Засаг төрийн дур зоргыг хязгаарласан шударга ёсны төлөө, Үндэсний эв нэгдлийн төлөө, Монголын ард түмний нийтлэг хүсэл зоригийг илэрхийлсэн Улсын гол хууль юм.
Үүний зэрэгцээ төрийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан эдлэх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ хамгаалах үүргийг төрд тухайлан ногдуулсан байдаг. Иргэдийн баталгаатай эдлэх эрхийг уг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд, Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн биелүүлэх үндсэн болон журамт үүргийг 17 дугаар зүйлд заасны зэрэгцээ 19 дүгээр зүйлд төрийн хүлээх үүргийг тусгайлан заажээ. Үүнд:
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйл
1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.
2. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.
З. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.
Монгол Улсын Үндсэн хууль шударга ёсны төлөө, дур зоргын эсрэг хууль юм. ШУдарга ёсыг эрхэмлэх нь манай ард түмний бас нэг туйлын хүслэн юм. Хүн төрөлхтний үнэт зүйлс, ардчилсан хууль хийгээд ёс суртахууны аль алиных нь нэг иш үндэс нь шударга ёс билээ. Иргэн хүн хуулиар хориглоогүй зүйлийг хийж болох эрх чөлөөтэй байдаг бол засаг төрийн байгууллага, түүний албан тушаалтан гагцхүү хуульд заасан үүргийг мөн түүгээр олгосон эрхийн хүрээнд биелүүлэх ёстой байдаг. Энэ бол шударга ёсны хэмжүүр болсон хууль дээдлэхийн үндсэн шаардлага бөгөөд засаг төрийн байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахын төлөө шударгаар үйлчлэх ёстой Үндсэн хуулийн гол чиг үүрэг болно. Ийм учраас Үндсэн хууль бол шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын төлөө, засаг төрийн байгууллагын дур зоргын эсрэг сөрөн зогсдог хууль мөн.
Эх сурвалж: “Монгол Улсын Үндсэн хууль” цахим хичээл болон УИХ-ын цахим хуудас, wikipedia.org зэрэг эх сурвалжуудыг ашиглав.










Энэ өдөр: Ардчилсан Үндсэн хуулийн өдөр | ||
Үзсэн: 3483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.