Шууд Chart

Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо

2015-07-29 08:59:00

Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралдаан "Шангри Ла" зочид буудалд боллоо. Хүндэтгэлийн хуралдаанд  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд Ражевардхан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг зэрэг гадны хүндтэй зочид хүрэлцэн ирж, оролцож байна. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан даргалсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэлийн хуралдааны эхэнд үг хэлэхдээ, "25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол монголчуудын түүхэн сонголт, монголчууд бүх нийтээр оролцсон анхны ардчилсан чөлөөт сонголт байсан" гэдгийг онцлоод, "Монголын ардчилал бол Монголын ард түмний нэг удаагийн сонголт биш" гэдгийг тэмдэглэв.

Дараа нь анхны сонгуулийн талаарх баримтат киног хурлын зочдод сонирхууллаа. Киноны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хурлын зочид, төлөөлөгчдөд илтгэл тавив. Монгол Улсын Ерөнхий сайдын илтгэлийн дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг Бан Ги Мүний улс төрийн орлогч уншиж, танилцуулсан юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэллээ.

Түүнчлэн Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Хайнц Фишер нарын төрийн тэргүүн, улс төрийн нэрт зүтгэлтнүүд Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ ирүүлснийг Хүндэтгэлийн хуралдааны үеэр танилцуулав.
 
 

 

Нийтэлсэн: Yндэсний телевиз

Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо  
Үзсэн: 2134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй