
Монголын их хаан Хубилай болон түүний байгуулсан Юань гүрэнтэй холбоотой судалгааны шинэ баримтуудыг эрдэмтэд дэлгэж байна. Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.
Таван орноос эрдэмтэд цуглаж, цэцэн Хубилайн талаар шинэ сонирхолтой баримтуудаа дэлгэж байна. ОХУ-ын эрдэмтэн Юрченко Европчууд Их монгол улс задарснаас хойш 100 жилийн дараах газрын зурагтаа, Хубилай хааныг Македоны Александр хаантай зэрэгцүүлэн тэмдэглэсэн байгааг тайлбарлалаа. Энэ бол Хубилайн эзэнт улс ямар хүчирхэг байсныг илтгэх ганцхан баримт.
ОХУ-ын судлаач А.Г.Юрченко "Энэ бол 1375 онд Европчуудын зурсан газрын зураг. Тодруулбал их монгол улс задарснаас хойш 100 жилийн дараа ч Хубилай хааны байгуулсан Их Юань улс Европчуудын хувьд хүндтэй сууринд байсан. Монголчуудын бий болгосон торгоны замаар дамжуулж, Ази-Европи хоёр тивийг холбож, худалдаа наймаа өргөжсөн байдаг. 13-р зууны монголчууд тэр дундаа Их хаан Хубилай бол яах аргагүй дэлхийн хаан юм" гэв.
Их Юань улс дэлхийн түүхэнд тодоор бичигдэх хүчирхэг гүрэн болж цэцэглэхэд төр засах их ухаан чухал нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл Хубилайн төрд тухайн үеийнхээ хамгийн шилдэг оюунлаг, цэцэн мэргэд зүтгэдэг байсан. Өнөөдрийн монгол төрд түшмэд сонгох ухаанаас эхлээд эдүгээчлэн авч хэрэглэх бодитөв олон байгааг судлаачид сануулж байна.
Улс үндэстнийг захиран жолоодох хууль журам, дэг жаяг, хүчирхэг ухаалаг удирдагчдаас төр бүрддэг. Төрд зүтгэх хүмүүсээ тусгай дэг сургуулиар хүмүүжүүлж, анхны их сургуулийн үүсэл, Шинжлэх ухааны академийг ч Юань улс дэлхийд анх байгуулжээ.
Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан 9 өдөр дараалан арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Монгол судлаач эрдэмтдийн илтгэлүүдийг хэлэлцэж, шинжлэх ухааны эргэлтэнд оруулах зорилготой энэ хурал 2 өдөр үргэлжилнэ.
“Хубилай сэцэн хаан ба Юань улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна | ||
Үзсэн: 572 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.