Надаас урван одох зуны
Хэлж зүрхлээгүй үгсийг намар гэнэ
Над руу шунан тэмүүлэх өвлийн
Хачин нууцлаг санаашралыг намар гэнэ

Намайг хоргоосоор байгаад алдсан хаврын
Нандигнан хадгалсаар яваа хайрыг намар гэнэ
Надад халдаж зүрхлэлгүй халгах уйт цагийн
Наалинхай хонгор аалийг намар гэнэ

Нулимсыг минь даган шиврэх борооны
Нууж залгисан санаа алдалтыг намар гэнэ
Инээдийг минь тандан будрах цасны
Итгэж шивнэсэн үгсийг намар гэнэ

Учирч амжаагүй нэгэндээ
Сараар шивнүүлсэн үгсийг минь намар гэнэ
Уулзаад хагацсан түүндээ
Салхиар илгээсэн уучлалтыг минь намар гэнэ
Ц.Баттуяа 2014.08.27






| Надаас урван одох зуны хэлж зүрхлээгүй үгс нь намар юм | ||
| Үзсэн: 2130 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.