Шууд Chart

“Алтан сан” радио тун удахгүй...

2015-11-03 17:25:55

Монголын үндэсний олон нийтийн радиогийн алтан сан хөмрөг нэн арвин бөгөөд хадгалагдаж буй бичлэгүүд 1920-оод оноос үүсэлтэй. 1950 оны дунд үеэс фондын түвшинд эмхлэн цэгцэлж, 1954 оноос “плёнкны өрөө” нэртэйгээр алтан сан үйл ажиллагаагаа тогтмол явуулж тодорхой бодлогоор баяжуулж ирсэн түүхтэй. Тухайлбал, 1957 онд “Өдөр тутмын нэвтрүүлгийн фонд”-ыг байгуулж эмхлэн цэгцлэх их ажлыг нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гардан хийж байжээ.

Энэ үеэс эхлэн нэн чухал гэж үзсэн нэвтрүүлгээ хадгалах зорилго бүхий “Алтан фонд” Монголын радиогийн үнэт өв болж анхны эрхлэгчээр нь Монголын радиогийн анхны нэвтрүүлэгчдийн нэг Л.Рагчаа ажиллаж байв. Монголын радиогийн “Алтан сан хөмрөгт”-т хадгалагдаж байгаа хамгийн анхны бичлэг нь 1950 онд зохиолч З.Баттулгын “Жаргалын дуун” романы “Бурангуйн гайхамшиг” тэргүүн ботийн “Үүрийн жингээр” нэртэй нэгдүгээр хэсгээр хийсэн радио зохиомж юм. Үүний дараа 1955 онд соронзон хальсанд буулгасан “Воробьёвын ууланд” хэмээх 4 бүлэг 2 үзэгдэлт радио жүжиг орно.

Монголын радиогийн "Алтан сан хөмрөг"-т Монгол Улсын түүх бүхэл бүтнээрээ бичигдэн үлдсэн гэхэд болно. Тухайлбал, ардын хувьсгалын партизанууд, улсын болон хөдөлмөрийн баатрууд, соёл, урлаг, шинжлэх ухаан, боловсролын салбарын алдартнууд, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн дуу хоолой, дурсамж яриа, ардын авьяастнуудын дуулж, хөгжимдөж, жүжиглэж байсан дахин давтагдашгүй бүтээл туурвил бий. Түүнчлэн радиогийн үе, үеийн уран бүтээлчдийн төрөл бүрийн сэдвээр бэлтгэсэн нэвтрүүлгүүд, эгэл жирийн хөдөлмөрч хүмүүсийн яриа, дурсамж зэрэг ховор нандин баримт материалын соронзон бичлэгүүд ч хадгалагдаж байна.

Жишээ татвал, В.И.Лениний хэлсэн үг радиогийн "Алтан сан хөмрөг"-т хадгалагддаг. 1919 онд Олон улсын эмэгтэйчүүдийн хурал дээр Оросын большевик намын гишүүн хувьсгалч эмэгтэй Александра Коллонтайн хэлсэн үгийг пянзнаас хуулсан бичлэг, Маршал Чойбалсангийн тойргийн сонгогчдод хандаж хэлсэн үг, Оросын домогт  нэвтрүүлэгч Юрий Боросивич Левитаны дуу хоолой, Сансрын анхны нисгэгч Юрий Гагарины дуу хоолой зэрэг нэн ховор бичлэгүүдийг өнөөг хүртэл нандигнан хадгалсаар иржээ.

“Алтан сан” радиог шинээр бий болгох  программын бодлого нь алтан сангийн хуучин, нэн ховор дээр дурдсан болон бусад эрхэм нандин бичлэгийг  эргэлтэд оруулах, сонсогчдын хүртээл  болгоход оршино. Монголын радиогийн "Алтан сан хөмрөг"-т нийт 13 ангиллын 8030 ширхэг хадгаламжийн нэгж бүхий 250849 минутын бичлэг хадгалагдаж байна.

“Алтан сан” радиог 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу Монгол бахархлын өдрөөр явуулж эхэлнэ.


“Алтан сан” радио тун удахгүй...  
Үзсэн: 1504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй