
АСЕМ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын түвшний 12 дугаар уулзалтын үеэр ирсэн зочид Монголын тухай ихээр сонирхож байлаа. Тэдэнд Монгол Улсынхаа онцлог, өв соёлыг таниулах зорилгоор Ардын урлагийн "Транс Монголиа" хамтлаг цомхон тоглолт хийж, хөөмийн урлагийг сонирхуулсан юм.
"Транс Монголиа" хамтлаг ардын урлагийн бусад хамтлагаас өөрийн гэсэн онцлогтой. Тэд хөөмий, ардын хөгжмийн хосолсон тоглолт хийдэг. АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын хүндэтгэлийн зоогийн үеэр тэдний тоглолтыг Ази, Европын 50 гаруй орны төлөөлөгч үзэж сонирхсон юм.
Энэ үеэр Бүгд найрамдах Филиппин улсын Гадаад хэргийн сайд Эван Гарсиа "Монголын язгуур урлагийн тоглолт маш өвөрмөц, сайхан санагдаж байна. Би өмнө нь Монголд очиж байсан. Танай ард түмний зан заншил ёс уламжлал гайхалтай. Манай Филиппинд ч мөн өөрсдийн өвөрмөц өв соёл бий. Монгол, Филиппин улсын зан заншилд төстэй зүйл олон байдаг гэж боддог" гэжээ.
"Транс Монголиа" хамтлаг 2004 онд байгуулагдсан. Дөрвөн гишүүнтэй. Тэд Берлин хотод амьдарч, Европын холбооны улс орнуудаар аялан тоглолт хийдэг юм байна. Европын үзэгчдэд Монголынхоо язгуур урлагийг гайхуулж байгаагаараа бахархдаг гэдгээ хамтлагийнхан ярилаа. Тус хамтлагийг үүсгэн байгуулагч н.Хосбаяр өмнө нь "Авьяаслаг Германчууд" телевизийн шоунд оролцох үеэрээ Германы алдарт "Модерн токин" хамтлагийн дууг хөөмийлж, германчуудын сэтгэлийг хөдөлгөж байсан. Тэмцээнийг шүүж байсан "Модерн токинг" хамтлагийн дуучин түүнд өөрийн биеэр баяр хүргэж, Монголын хөөмийн урлагийн талаар өндөр сэтгэгдэлтэй байгаагаа хэлж байсан юм.
"Транс Монголиа" хамтлаг АСЕМ-ын зочдод хөөмийн урлагийг сонирхууллаа | ||
Үзсэн: 452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.