
Ширээний теннисний спортыг хөгжүүлэх зорилгоор сайн дураараа дугуйлан хичээллүүлж байгаа ахмад багш Б.Хаданхүүгийн тухай Завхан аймгаас мэдээлэл бэлтгэлээ. Одоо 70 нас хүрч байгаа тэрээр аймагтаа анхны теннисны дугуйланг нээн ажиллуулснаас хойш 4 жилийн хугацаанд 100 гаруй шавьтай болжээ
Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын байранд Хаданхүү багшийн шавь нар теннисийн бэлтгэлээ хийж байна. Тэд 7 хоногт 12-14 цаг хичээллэдэг. Хичээлээс бусад цагаар хүүхдүүдийг зөв боловсон хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай болгон хүмүүжүүлэхэд энэ спорт чухал үр нөлөөтэй гэж Б.Хаданхүү багш ярьж байна.
Теннисээр хичээллэхэд зөвхөн бие эрүүл чийрэг болоод зогсохгүй, хүмүүжлийн хувьд эерэг нөлөө үзүүлдэг байна. Хүүхдүүд энэ спортоор хичээллэснээс хойш биеийн тамирын хичээлдээ сайн болсноос гадна хүнтэй зөв харилцаж сурах, биеэ даах чадвартай болох гээд олон зүйлийг сурч байгаагаа ярьж байна.
Б.Хаданхүү багш боловсролын байгууллагад 40 орчим жил ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн захирлын албыг 10 гаруй жил хашжээ. Хөдөлмөрийн багш мэргэжилтэй тэрээр 20 гаруй жил теннисээр хичээллэж байна. Энэ туршлагаа тэтгэвэртээ гарснаас хойш хүмүүст хуваалцаж байгаа нь түүний хувьд хамгийн том баяр баясал. 70 нас хүрсэн ч нүдний хараа сайн, хөл гар хөшихгүй байгаа нь ч энэ спорттой холбоотой.
Хаданхүү багш теннисээр хичээллэх сонирхолтой аймгийнхаа иргэдэд мөн тусгай дугуйлан ажиллуулдаг. Хүн тэтгэвэртээ гарсан ч ажил мэргэжил, хүсэл сонирхол хэзээ ч хөгширдөггүйн үлгэрлэл болж яваа энэ хүн шавь нараа аймгийн төдийгүй улсын уралдаанд тэргүүлэх хэмжээний чадварлаг тамирчин болгон хүмүүжүүлэхээр бэлтгэл дасгалаа өдөр бүр хийж байна.
70 настай багш орон нутагт спортын дугуйлан хичээллүүлж байна | ||
Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.