Шууд Chart

Монголын тамирчид паралимпид амжилттай оролцож байна

2016-09-15 12:31:54

Энэ сарын 8-ны өдөр Бразилийн Рио-Де-Жанейро хотын "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн паралимпийн XV дахь удаагийн наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна.

“Рио-2016” паралимпийн наадам тамирчдаа илгээж байгаа улс орнуудын тоогоор дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Тодруулбал, энэ удаагийн наадамд дэлхийн 160 орны 4000 гаруй тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

“Рио-2016” паралимпийн хөтөлбөрт суугаа сагсан бөмбөг, дугуй, суугаа гар бөмбөг, голбол, жүдо, хөнгөн атлетик, ширээний теннис, хүндийг өргөлт, усан сэлэлт, суугаа регби, байт харваа, буудлага, суугаа теннис, таван хүний бүрэлдэхүүнтэй хөл бөмбөг, долоон хүний бүрэлдэхүүнтэй хөл бөмбөгийн тэмцээнүүдээс гадна каноэ, триатлон, сэлүүрт завины төрлүүд анх удаа нэмэгдээд байгаагаараа онцлогтой юм. 

Манай улсаас паралимпийн наадамд эх орноо төлөөлөн найман тамирчин байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр оролцож байна.

"Бээжин-2008" паралимпийн алтан медальт, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Мөнхбат нараас гадна анх удаа паралимпийн наадамд А.Анхбаяр, Б.Ууганхүү, З.Ганбаатар, Г.Цогтгэрэл, Э.Содномпилжээ нар эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. 

"Рио-2016" паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн буухиаг эхлүүлсэн бол паралимпийн зургаа дахь өдөр Пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

Хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтээр тавдугаар байрт бичигдсэн бол Бразилийн цагаар 9 дүгээр сарын 15-нд Б.Оюун-Эрдэнэ бат харвааны төрөлд өрсөлдөх гэж байна.

"Рио-2016" паралимпийн наадмын 70 метрийн рекурв төрлийн эрэгтэйчүүдийн хувийн харваанд Д.Баатаржав, А.Анхбаяр нар өрсөлдсөн. Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав Японы тамирчин Томохирод 6-4-өөр, А.Анхбаяр Польшийн тамирчин дэлхийн аварга Петр Савыцкийд 6-2-оор ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн юм.


Монголын тамирчид паралимпид амжилттай оролцож байна   
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй