
Хятадын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, спортын сайд Лю Пэн Монгол Улсад айлчиллаа. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт ”Olympic house”-д МҮОХ, БНХАУ-ын үндэсний олимпийн хороодын хамтран ажиллах гэрээ үзэглэх ёслолд оролцсон юм.
Тэрбээр хоёр улсын спортын хамтын ажиллагааны талаар “Хэдийгээр бид найрсаг хамтын ажиллагаатай олон жил явж ирсэн ч албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулж, спортын салбарт бодит ажил хийх эхлэлийг тавьж байгаа нь өнөөдрийн энэ үйл явдал болж байна. Биднийг хүндэтгэн урьж, энэ томоохон ажлын эхлэлийг тавьсан МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн даргад баярлалаа. ОУОХ-ын гишүүн Ш.Магван гуайн зүтгэл үүнд их бий. Олон жил ярилцаж, сэтгэл гаргасны үр дүн ирж байна“ хэмээв.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн тодотгосноор гэрээнд МҮОХ гарын үсэг зурж байгаа ч хэрэгжүүлэх, ашиг тусыг нь хүртэх газрууд нь Монголын спортын төрийн байгууллага, спорт холбоод байх ажээ. Энэ нь өөрөө Хятадын талтай хамтран спортын бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд томоохон гарц нээж өгч буй үйл явдал юм.
Өмнө нь Хятадын олимпийн хорооны ерөнхийлөгчийн хувиар 1992 онд Ү Шаози, 2002 онд Юань Веймин нар Монголд ирж байснаас хойш ийнхүү БНХАУ-ын спортын салбарын удирдлагууд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны урилгаар анх удаа манай улсад зочилж байгаа юм.
Эх сурвалж: МҮОХ
МҮОХ, БНХАУ-ын олимпийн хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа | ||
Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.