
Олон улсын гимнастикийн холбоо (ОУГХ)-ны 81 дэх удаагийн “Конгресс” (Их хурал) Япон улсын нийслэл Токио хотноо энэ сарын 17-ны өдөр эхэлсэн. Аравдугаар сарын 21-нийг хүртэл таван өдөр үргэлжлэх энэ удаагийн их хурлыг ОУГХ-ны ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Итали улсын иргэн Бруно Гранди үг хэлэн эхлүүлжээ. Мөн хурлын эхний өдөр Япон улсын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Футаги Хидэнори мэндчилгээ дэвшүүлсэн юм. ОУГХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Андре Гүэйшбюлер хурлыг удирдан явуулж байгаа бөгөөд техникийн хорооны дарга нар илтгэлүүдээ тавьжээ. Энэ удаагийн хурал Франц, Герман, Англи, Орос, Испани гэсэн таван хэлээр үргэлжилж байна. ОУГХ 1881 онд байгуулагдсан бөгөөд 135 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Монголын гимнастикийн холбоо (МГХ) 1961 онд байгуулагдсан бөгөөд удаах жил нь буюу 1962 онд ОУГХ-нд албан ёсны гишүүнээр элссэн түүхтэй. Энэ удаагийн хурлаар ОУГХ-ны сонгууль болох бөгөөд шинэ бүтэц бүрэлдэхүүнийг сонгох тус хариуцлагатай хуралд МГХ-ны Ерөнхийлөгч Б.Лхагважав, МГХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат нар оролцож байна.
Япон улсын Токио хотноо 2020 онд зуны олимпийн XXXII наадам болно. Гимнастикийн спортын арвин амжилт, түүхтэй Япон улсад өмнө нь 1964 онд зуны олимпийн XVIII наадам зохиогдож байсан юм. Энэ удаагийн хурлын гурав дахь өдөр буюу өнөөдөр япончууд спортын гимнастикийн шүүлтийн шинэ электрон системийг туршиж байгаагаа танилцуулжээ. 3D технологи дээр суурилсан энэ системийг “Токио-2020” олимпийн наадамд туршихаар болсон байна.
Японы тамирчид “Рио-2016” зуны олимпийн наадмаас багийн төрөлд алтан медаль хүртсэн нь энэхүү системтэй ихээхэн холбоотой болохыг онцолсон юм. Түүнчлэн спортын гимнастикаас гадна трамплин, уран сайхны гимнастик, аэробик гимнастик болон бусад спортод уг шүүлтийн системийг туршихад 90 гаруй хувийн өндөр үзүүлэлттэй гарчээ. Энэхүү системийг япончууд дотооддоо 2010 оноос эхлэн туршсан гэнэ.
Бэлтгэсэн: О.Сонинбаяр
Гимнастикийн холбооны 81 дэх Их хурал Японд үргэлжилж байна | ||
Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.