
Гавьяат нисгэгч Амарбатаар удирдуулсан OM304 чиглэлийн нислэг БНСУ-ын Инчоны буудалд амжилттай газардаж, аяллын визтэй сэтгүүлч миний “адал явдал” эхлэв. “Чамаас бусад нь бүгд хөл тавьж үзсэн дэгээ” гэх найзын егөө чихнээс холдож амжаагүй шахам байхад Гуулин улсад ирсэн минь энэ. Замаа гайгүй сайн заалгасан тулдаа дэлхийд овор хэмжээ, чанар чансаагаараа таван хуруунд багтах нисэх буудлаас хүрэх газраа төөрч будилалгүй оллоо. Очих айлдаа зэхэж бэлтгэсэн хиам, энэ тэрхэнээр дүүргэсэн үүргэвчийг минь харин жижигхэн хав шиг нохой ирж үнэрлэнгүүтээ гаалийханд барьж өгч хураалгасныг эс тоовол мунгинасан юмгүй л хил давлаа. Замын танилын яриагаар иймхэн хүнсийг аргалах амархан юм байх.
Мөнгөлөг цаасанд битүү ороож хийгээд цүнхнийхээ гадуур үнэртүүлдэггүй бодис шүршчихдэг гэнэ. Ийм аргаар үхрийн өвчүү, хонины гэдэс тас хөлдөөгөөд оруулж ирдэг тухай шинэхэн танилаас сонсоод гайхахын хажуугаар хаа ч аргаа олдог Монголчуудаараа бахдах ч шиг. Зуны халуун төөнөсөн найман сард давхардсан тоогоор 1 сая 461 мянган монгол иргэн БНСУ-ыг зорьсныг, хүйтний ам наашилсныг сануулах намрын дунд сард би нутагтаа ирээд л мэдлээ. Визний хугацаагаа хэтрүүлж “харласан” иргэдийн тоогоороо Монгол Улс дахиад л толгой цохиж явааг ч Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдэв.
Тэнд танилцсан монгол залуус үүнийг бататгаж байлаа. Гэрээгээр ажиллаад найман жил болж байгаа н.Цолмон “Хоёрхон жилийн өмнө монголчууд бага ирдэг байсан. Одоо Монгол таун дээр очихоор битүү наашаа нүүдэллэж байна. Ирж байгаа хүмүүсийн ихэнхи нь гурван сарын визийн хугацаандаа ажил хийж байгаа. Ноднингоос хойш хүмүүс их харлаж үлдэж байгаа. Одоо харлаад дэмий. Би үүнийг дэмждэггүй. Дараа, дараагийн хүмүүстээ боломж олгох хэрэгтэй. Виз хатуу болчихвол хэцүү шүү дээ. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэдэг үгийг л бодоод үзэх хэрэгтэй болов уу” гэсэн юм.
“ШОРВОГ” АМТ
Монголчууд маань хэдэн төгрөг ахиухан олж хүн шиг амьдрахын төлөө харь нутагт хэрхэн ажилллаж, амьдардаг талаар сонсож дуулаагүй хүн үгүй. Харин нүдээр үзэж, биеэр мэдэрнэ гэдэг ёстой мянгантаа сонссоноос илүү шорвог амттай аж. Сэтгүүлч хүний сониуч зан, бас үнэнийг бодитоор, баримтаар өгүүлэх сэтгүүл зүйн зарчим гэхээсээ яс чанарт хөтлөгдөн гал тогоо руу нь цөөхөн хоногоо үл чамлан гүнзгийхэн шумбахыг хичээв. Амьдралд ч, ажилдаа ч олзтой очихыг хичээсэн нь энэ.
Өмнөд Солонгосын Сөүл хотын Жанганрү дүүрэгт ирсэнийхээ маргааш өглөө нь танилынхаа хийдэг ажлыг сонирхохоор хамт гарлаа. Шигүү, чигжүү гудамжнуудыг ороон явсаар гаднаа хэд хэдэн жижигхэн погдгор цэнхэр машин эгнүүлсэн хоёр давхар “Самшил”-д хүрч очив. Эндээс гурав дөрвөөрөө баг бол, цэвэрлэгээний ажил буюу “чонсу”-д гардаг гэнэ. Танилын маань гэр бүлийн хүн “исаа” хийдэг. Энд ажиллаад удаж байгаа нь туршлага заан бусдыгаа ахалж ажиллана. Анх ирсэн хүнд энэ мэтээр хийх ажлуудын оноож өгсөн нэрийн товчлол сонин содон. “Усыг нь уувал ёсыг” нь гэдэг шиг тэкбэ, шингдэ, шигдан, арбайт гээд сурах ёстой үгнүүд ч араасаа хөвөрлөө.
Арбайт буюу цагийн ажлын хөлс өдөрт ойролцоогоор 50-60 мянган вон. Төгрөгөөр хувилаад тооны ихэд нь уулга алдаж мөнгөний хэтэвч атгасан мэт тэндхийн монголчуудаа харж болохгүйг ойлгосон хэрэг. Ийм мөнгөний хөлс хачин шорвог гэдгийг бүх мэдрэхүйгээрээ амталсан хүмүүс тэнд л бий болов уу. Үүрийн гэгээнээс үдийн цай хүртэл зогсох чөлөөгүй нэгэн жигд хурдтай хэмнэлээр ажиллах үед хамрын үзүүрт тогтсон хөлс байн байн дуслах нь хэвийн үзэгдэл. Харин сэдэв хөөж, баримт хайн, үзэг цаас нийлүүлдэг сэтгүүлч би ингэж хөлсөө гаргасан нь хэзээ билээ.
Ажлын нэгэн хэвийн үйлдэл, хөл дээр минь тогтох хүчийг ч үлдээлгүй сорох үед үдийн хоол ямар их эрч хүч өгдгийг, харь орныхон ажлын цагийг бүрэн дүүрэн хэрхэн ашигладгийг, бид дэргэд нь хичнээн алмай назгай болохоо хүний нутагт биеэр мэдэрч байж л ойлгодог гэдгийг тэндхийн монголчууд дуу нэгтэй хэлэх юм билээ. Тэр өдрийн хамаг тэнхээ, ажлын цаг хоёр нэг ижил дуусдаг болохоор “ажлын мал болтлоо нухлуулдаг ” гэж манайхан ярьдаг биз. Өгч, авч чаддаг болохоор л тэдний “борог ажил“ руу миний монголын ажиллах хүч зүтгээд байгаа хэрэг.
Солонгос Улс хүний эрхийг хөдөлмөрийн талбарт зөрчдөг гэдгээрээ зэм сонсдог. Тэр нь ажлын цаг урт гэсэн шалтгаанаас үүдэлтэй. Дундаа хоёр амралттай ч хоногийн 24 цагийн тэн хагаст нь ажиллуулдаг нь үнэн. Тэвчээр барагдах дөхөхөөр “Ямар робот биш дээ, бид чинь хүн юм байгаа биз дээ” гэж бухимдах нь энүүхэнд. Сайн муу нийлж сав дүүрдэг гэдэг шиг аятай эвтэй ажлын байр бас бий гэнэ. Сөүл хотод ирээд удаагүй байхдаа цахимаас өртөг өндөр хотуудын жагсаалтад Сингапур, Токио, Сөүл зэрэг хотуудтай Улаанбаатар маань эн зэрэгцэж явааг олж уншив. Солонгос дахь монголчууд энэ тухай юу хэлэх бол...
н.Нямдорж: “Эх орондоо авдаг байсан цалингаа энд хэд нугална. Хөдөлмөрийг бол ч ёстой жинхэнэ үнэлүүлж байж цалин авдаг даа. Монголдоо 500 мянган төгрөг авдаг байсан бол энд 1 сая 500 мянган вон. Одоо 4 сар ажиллаад буцна даа. Жил 6 сар болчихлоо. Энд ажиллаж байгаа монголчуудыг мөнгө үйлдвэрлэж байгаа юм шиг л санадаг. Мөнгө зээлээч гэх нь энүүхэнд. Гэтэл энд бас л зүтгэж тэвчиж байж олдог. Мянга ярихаар нэг үз гэдэг дээ. Тэр үнэн шүү. Ирж үзэж байж төсөөлснөөс нь өөр гэдгийг мэдэрдэг юм. Солонгос эзэнд загнуулах энүүхэнд шүдээ тас зуугаад л тэвчиж байгаа юм чинь... Оройдоо ядарсан хүмүүс бушуухан орондоо ороод амрахыг л бодоцгоодог. Эх орондоо очих бүрдээ нэг сайхан үйлдвэр байгуулчихвал болчих юм шиг л санагдаад байдаг юм. Сайншандын аж үйлдвэрийн парк гээд яриад байсан. Тэрэн шиг...” гэв.
ШОППИНГ ТУР
Арваад жилийн өмнөөс аялал жуулчлалын салбартаа эрүүл мэндийн жуулчлал гэх давалгааг эхлүүлж амжилт олсон Солонгос Улс өнөөдөр энэ салбартаа өөр нэгэн чиг хандлага бий болгоод байна. Энэ нь “Шоппинг тур”. Намайг очсон намрын эхэнд бүтэн нэг сарын турш "Shoping and tourism testival" буюу "Shopping sale FESTA" болж байв. Хүмүүсийн ярих нь ээ, бараа бүтээгдэхүүн нь “өм цөм хямдардаг” юм байх.
200 мянган вонын үнэтэй брэндийн пүүз 20 мянга болдог л гэнэ. Баяр ёслолын үеэр нүд бүлтийтэл үнээ буулгадаг тухай танил маань хуучиллаа. Авдаг цалинг нь, худалдаж байгаа барааны үнэтэй нь харьцуулахад үнэхээр боломжийн гэхээр санагдаж байлаа. Өртөг өндөртэй эх орондоо үнэлэмж багатай цалинтайгаа мартаж орхиод шоппинг туризмын давалгаанд хуу хамагдах дөхөв.
Гэтэл төгрөгөөр хувилж бодохоор горолзож гүрэлзээд ер урагш алхахгүй шинжтэй. Харин байгаа юмыг байгаагаар нь л хүлээж авбал гурван сая төгрөгийн цалинтай хүнд 200 мянгаар нь гутал худалдаж авах ёстой юу ч биш. Хагас сард 300 мянган төгрөгийн цалинтай монголчуудад ийм үнээр ганц гутал авчихвал ямар мөнгөөрөө үр хүүхдээ тэжээх вэ гэдэг бол ёстой л асуудал. Бид баялгаа яаж ухаж зарах тухай маргаж, шийдлээ олж чадахгүй суух хооронд баялаггүй улс толгойгоороо, сэтгэхүйгээрээ ингэж бусдын мөнгийг хамаж чадаж байна.
ХҮНИЙ НУТАГТ ХУЛХИДУУЛАХ ДӨХӨВ
- Ягаарч үзэх үү та?...
- Тэр чинь юу билээ?
- Аа шөнийн ээлжийн ажил. Цалин ахиу. Оройн 20:00 цагаас өглөө 08:00 цаг хүртэл тасралтгүй ажиллаад 120 мянган вон буюу 240 мянган төгрөг.
- Юу хийх үү?
-Тэкбэ. Шууданд ирсэн илгээмжүүдийг ангилж ялгана.
“Ганц шөнийн нойр даалгүй яадаг юм” гэж бодсон надад амар ажиллаад ахиухан мөнгө олчих санаа төрөв. Ёстой л суух завдалгүй зогсоо зайгүй ажиллаж байж арайхийж нэг өглөөний нартай золгов. Болоогүй ээ... Бас илгээмж урсаж ирэх тэрхэн зуур зогсоогоороо дуг хийгээд авав. Дэргэд зогсож байсан Хятад сэрээгээгүй бол яах ч байсан юм. Надтай адил 10 гаруй монгол бүсгүй, 10-аад залуу хотоос нэлээд зайдуу байрлалтай шууданд ийн хамт ажиллацгаав.
Ажил дуусаад хятад, вьетнамчууд нүдэн дээр мөнгөө тоолж аваад явцгаав. Гэтэл монголчуудын цалин хөлс байдаггүй. Ажилд зуучилсан монгол хүү асуудал үүсгэх нь тэр. Шөнөжин гүрийсэн монголчууд “цай ч үгүй царай ч үгүй” гэдэг шиг цалингүй ажилласан болж таарав. Уурлаж унтууцан уйлж унжихдаа хүрсэн тэдэнд зуучлагч залуугийн хэлсэн тайлбар миний “хөх инээд” хүргээд болдоггүй.
“Эзэн зугтаагаад олдохгүй байна. Хоёр хоногийн дараа хайж олоод хариу мэдэгдье” гэсэн хариулт шөнөжин зогсоогүй ажилласан монголчуудыг уурлуулалгүй яадаг юм. Харин яагаад ч юм миний инээд хүрээд.... Хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг Солонгосчууд яавч шөнөжин ажилласан хүмүүсийг “шалз” шиг хаяхгүй. Асуудал монгол залууд байгаа нь харваас илт. Ийм болохоор л “Монголчуудаасаа хол байгаарай” гэсэн явган яриа байдаг юм байна.
Бухимдсан бүсгүйчүүдийн хөл татрангуут зуучилсан залуутай тулж уулзлаа. “Амь амьдралынхаа төлөө хүний газар ирсэн энэ олон хүнийг ингэж хохироодог юм бол эгч нь монголдоо очоод нэвтрүүлэг хийе. Манайх шаардлагатай бол хилийн чанад руу хүртэл хүмүүсээ явуулдаг юм” гээд хэлээд тавьчихлаа.
14 хоногийн дараа ганцхан миний утсанд “Компани таны мөнгийг шилжүүлэхээр боллоо. Та бүртгэл болон дансны дугаараа явуулна уу ” гэсэн албан ёсны болгож харагдуулах гэсэн богинохон захиа ирсэн юм.
ГАЗАРТАЙ ЮМ ШИГ Л БҮТЭЭН БАЙГУУЛЖ...
Тэр чигтээ уул нуруу бүрхэж, усаар хүрээлүүлсэн Солонгос орон ёстой л уулыг нүхэлж, усыг сэтэлжээ. Хавчсан юм шиг давчуу санагдах ч газартай юм шиг бүтээн байгуулсан нь бүтээж хийхийн төлөөлөл болсон монгол надад сурах юм их гэдгийг хэлээд ч байх шиг. Хотын гудам, талбайгаар 50 сая хүнтэй ер мөр нудралцаж, бие чихцэлдсэнгүй явлаа. Далайн эргийн улсад ирчихээд тэнгис далай үзэхгүй явбал алдас болох биз ээ. Номхон далайн Япон тэнгистэй хил залгаа хэсэгтээ ус нь тунгалаг байдаг бол хүнд үйлдвэр хөгжсөн болоод тэр үү хятад талын тэнгис шараар эргэлддэг гэнэ. Үзэх газраа сонгоход бас учир бий бололтой. Эх газрын охинд нэлий усан далай аймшигтай бөгөөд гайхам байлаа.
ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ
Гараараа хачин нямбай будаж зурсан эрвээхэй, цэцэгт наамлыг хараад “ Хүүхдүүд хийж ээ дээ” гэж бодтол "Эднийг ахмадууд урласан" гэдэг юм байна. Буурлууддаа зориулсан нэгэн өдөр өнжүүлэх төвийг хэсэг сонирхлоо. Ажаад байхад нас нэлээн дээр гарсан үе тэнгийн хөгшчүүл харагдана. Эдний үеийнхэн үгээгүй шахуу тарчиг байсан улс орноо өдий зэрэгт өндийлгөсний тусаар өнөөдөр Гуулин улс Азийн бар улс болтлоо хөгжсөн гэдгийг мэдэх залуус ахмадаа хүндлэх үзэлтэй. Харин хөгшчүүд нь хүүхэд залуусдаа “залхуу болчих гээд байна” хэмээн шүүмжлэнгүй ханддаг гэнэ. Гэхдээ л тэдний хөгжил хурдтай урагшилсаар. Хөдөлмөрлөсөн улс орон хөгждөг юм хойно.
“ӨНӨӨДӨР ХИЧЭЭГЭЭРЭЙ”
Сургуулийн захирал сурагчдынхаа замыг тосон угтангаа "Өглөөний мэнд", "Сайн байна уу", "Тавтай морил", "Өнөөдөр хичээгээрэй...!!!" хэмээн мөрөн дээр нь найрсгаар гараа хүргэн том жижиггүй бүгдтэй нь мэндлэх нь надад бас л өөр харагдлаа.
Солонгос улсын дунд сургуулийн нэгэн өглөөний дүр зураг ийм. Зарим сургууль гаднах талбайгаа барималуудаар "гоёсон" харагдана. Орчиноо хэрхэн тохижуулах нь сургуулийн хамт олны дур юм байх. Энэ дунд сургуулийнхан барималд дуртай бололтой “үзэсгэлэнгийн танхим” аятай тохижуулсан байв. Бусад орны жишгээр сургуулийн үүдэн тушаа тамхи татахыг хориглосон тэмдэг харагдана.
Яг түүнийх нь дэргэд хоер хүү татаад л зогсоно лээ. Сургуулийн орчин гэснээс цэцэрлэгээс нь санаа авах юм бас бий. Өдөртөө хүүхэд нь юу хийж байгааг цахим группээр дамжуулан эцэг эхэд нь мэдээлдэг юм билээ. Бгш нар нь зургийг нь явуулаад л тайлангаа тавьчихна.
ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ МОНГОЛЫН ҮНЭЛЭМЖ БАГАТАЙ ЦАЛИН
БНСУ-д ганц сар амьдрахдаа олон хүнтэй танилцжээ. Монгол бүсгүйчүүд маань ихэнхдээ буудалд ажиллаж, эрчүүд нь нүүлгэх ажил хийцгээнэ. Ажилд махруу тэвчээртэй монголчуудыг солонгос эзэд ажилд авах дуртай байдаг яриа ч үнэн нь анзаарагдав. Жилийн дотор 20 сая төгрөг хуримтлуулсан монгол залуу байхад 10-аад жил амьдарсан ч хураасан юмгүй нь ч бас бий гэнэ.
Хүний нутагт солонгос бэрээсээ нуугдаж ажил хийж яваа монгол хадам ижийтэй, оюутан охиныхоо төлбөрийг олохоор ирсэн ээж аав хоёр, нөхөр хүүхдээ нутагтаа орхиод өөрөө харлахаар шийдсэн монгол бүсгүй, ажил олгодог газрыг өдөржин царайчилсан буурал өвгөнтэй ч хуучилав. Ганцхан юм л бодогдог юм байна лээ. Өртөг өндөртэй монголын үнэлэмж багатай цалинд асуудлын гол нь байгааг. Гадагшаа урссан ажиллах хүчнээ дотооддоо тогтоон барих бодлого бидэнд хэрэгтэйг ойлгов. Ингэж л өөрчилж, үүнийг л хийхгүй бол “эдийн засгийн дүрвэгсэд” гэсэн нэртэй болох вий монголчууд бид.
Ажлын туршлага хуримтлуулаад 15 жил болж буй миний хагас сар зүтгэж олдог мөнгийг тэнд хоёрхон өдөрт шат шүүрдээд л авч байна...







"Өөр амьдрал" | ||
Үзсэн: 3730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.