
Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсын хамгийн хойд цэг буюу БНАСАУ-тай хиллэдэг хоёр улсын цэгээс эхэлсэн монголчуудын дугуйтай аялал тус улсын Бусан хотод амжилттай барианд орлоо. Тэд нийт 660 км замыг Өмнөд Солонгосын нутгаар дугуйтай туулсан юм.
Аяллын багт нийт 18 хүн багтсан бөгөөд БНСУ-ын Пажу арлаас 5 дугуйчин , Дэгүгийн их сургуулиас 18 дугуйчин, 8 оюутан залуус нэгдэж дугуйн аялалд нь оролцсон байна. Мөн Бусан хотоос 10 дугуйчин мөн нэмэгдсэн гэхчилэн БНСУ-ын хот хотоос тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл - дугуйчид энэ аялалд хамтран оролцжээ.
17-57 насныхан багтсан энэ дугуйн аялалд эмэгтэй хоёр дугуйчин оролцсон бөгөөд эхний өдөр дугуйчдын булчин өвдөж хүндрэлтэй байсан бол өдөр ирэх тусам бие нь чангарч, хүч амтагдаж, улам залуужиж буй мэт мэдрэмж төрж байсан хэмээн анх удаа дугуйн аялал хийж байгаа н.Нямдорж ярьж байлаа.
Аяллыг зохион байгуулагчдын нэг М.Зоригт “Цэрэгт явж хатуужил суудагтай адил дугуйн багийн аяллаар хүн бусад хүмүүстэйгээ харилцаж сурдаг юм байна, хувийн зохион байгуулалт сайжирдаг юм байна, мөн маш сайн нийгэмшдэг юм байна, багаар ажиллаж сурдаг юм байна” гэж ярьж байлаа.
Уг аяллыг жил гаруйн өмнө байгуулагдсан “Монголиан байк” олон улсын унадаг дугуйн холбоо зохион байгуулсан бөгөөд тус холбоо нь унадаг дугуйг өдөр тутамдаа хэвшил болгох, цаашилбал аялалд заавал автомашин, автобус унааг хэрэглэхгүйгээр унадаг дугуйг хэрэглэж болох, мөн гадаад улс оронд ч гэсэн унадаг дугуйтайгаа аялж болохыг харуулах зорилготой байгуулагдсан байна. БНСУ-д хийж буй тэдний энэ аялал ч үүний нэгэн нотолгоо болж, хот хоорондын унадаг дугуйн замын жишиг сурталчилгаа болжээ.
Ийнхүү Монголын дугуйчдын түүхийн шинэ хуудас нэгээр нэмэгдлээ.
Д.Нарантуяа
Монголчууд анх удаа багийн дугуйн аяллыг гадаад улсад амжилттай хийлээ | ||
Үзсэн: 1884 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.