Шууд Chart

Рэй Аллен албан ёсоор зодог тайллаа

2016-11-02 15:30:05

АҮСБХ (NBA)-ны лигийн хоёр удаагийн аварга (2008, 2013), холын зайн шидэлтийн бүх цаг үеийн лидер Рэй Аллэн 41 насандаа зодог тайлж буйгаа албан ёсоор олон нийтэд мэдэгдлээ. Олон хүүхэд залуусыг энэ спортод дурлахад хүргэж  өндөр техниктэй, уран чадварлаг тоглолтоороо үзэгч түмнээ олон жил баясгасан нэгэн цаг үеийн шилдэг “мэргэн бууч” ийнхүү эх спортоо орхилоо. Коннектикутийн их сургуулиас 1996 оны драфтын 1 дүгээр тойргийн 5 дахь сонголтоор “Миннесота Тимбервүлвес” багт нэгдэж, мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж байсан тэрээр 20 жилийн дараа өөрийн замналаа өндөрлүүллээ. Энэ хугацаанд тэрээр “Милуоки Бакс”, “Сиэтл Суперсоникс”, “Бостон Селтикс”, “Майами Хит” багуудад тоглож, лигийн бүх оддын тоглолтод 10 удаа сонгогдон оролцож байсан юм. Мөн 2001 онд холын зайн шидэлтийн тэмцээний аваргаар тодорч байлаа.

Тэрбээр лигт тоглох нийт хугацаандаа 7,429 удаа холын зайнаас довтолсны 2,973 нь оновчтой болсон үзүүлэлтээр бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшдэг. Холын шугамын араас түүнээс олон удаа амжилттай шидсэн тамирчин одоогоор байхгүй. Мөн тэрээр 2000 онд Австралийн Сидней хотноо зохиогдсон зуны олимпийн 27-р наадмаас АНУ-ын шигшээ багийн хамтаар аваргын алтан медалийг хүртсэн амжилттай.

Ийнхүү 1996 оны драфтын залуусаас зөвхөн Пол Пиерс л лигт үлдэж байна. Тэрээр мөн энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдээд байгаа юм.

О.Сонинбаяр

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Рэй Аллен албан ёсоор зодог тайллаа  
Үзсэн: 1026 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй