
Намайг дөнгөж нэгдүгээр ангид орох жил ээж маань өөр хүн дагаж аав бид хоёрыг орхин явав. Аав ээж хоёр маань салсан гэсэн үг л дээ. Бага байсан болохоор учрыг нь ойлголгүй гараа даллан ээжийгээ гаргаж өгсөн юм даг. Бүдүүн баараг аавтайгаа амьдралын нугачааг давах хувь заяатайгаа эвлэрэхээс өөр аргагүй жаахан байлаа би.
Ээж минь байхгүй болохоор гэрийн ажил, хоол унд гээд бүгдийг аав минь чадлаараа хийж байжээ. Нэг ёсондоо аавынхаа хийсэн хоолоор би өдий зэрэгтэй хүн шиг хүн болсон гэсэн үг.
Хүний дурсамж гэж үргэлж л алдаа бас гэмшил уучлал байдаг хойно. Өдөр бүр бэлдэж өгдөг аавын бэнто /сургууль дээр өдөр идэх хоол/, оройн хоол гээд бүгд амт муутай хоолой давхааргүй байдаг байв. Жаахан байж аавтайгаа зөрж, шарсан өндгийг нь газар унагааж хаяж ч байлаа. 3 дугаар ангид ороход ч бас яг л ижил аавын хийсэн бэнтог ам хүргэлгүй хогийн саванд хаячихсан. Харин 3 цагийн цайны цагаар сургуулиас өгдөг боов шоовхон идээд гэдэс арай гэж цатгалан болдог байлаа. Хичээл тараад гэртээ ирж аавдаа хоосон бэнтоны саваа үзүүлэхэд ихэд баярлан "....миний хүү, сайн хүү хоолоо бүгдийг нь иджээ " ... хэмээн намайг магтаж баярладаг байв.Үнэндээ би хоолны талаар хэлж зүрхлэхгүй байлаа. Тэнэг ч байж.
Гэтэл тавдугаар ангид орсон жил ангийн багш гэрээр ирж аавтай уулзлаа. Миний хоолоо иддэггүйг, хоолоо хаядаг тухай бүгдийг аавд хэлж орхив. Уурлаж намайг загнаж зодох болов уу гэсэн тэгсэнгүй. Харин ихэд бодол болон гүнээр санаа алдлаа. Буруу зүйл хийж байсан болохоор аавынхаа царайг харж ч чадалгүй бушуухан хөнжилдөө шургалаа. Нойр хүрдэггүй. Заавал ааваасаа уучлал гуйх ёстой гэж бодон гал тогооны өрөөний хаалгыг зөөлөн онгойлгоход, урагдаж халцарсан хоолны ном, хоосон цэнхэр өнгийн бэнтоны сав хоёрыг хараад аав минь уйлж зогслоо. Ямар буруу юм хийснээ тэгэхэд би ойлгож, өөртөө хатуу шаардлага тавьж, заавал аавынхаа хоолыг идэх хэрэгтэй гэж дотроо шийдлээ. Аавын минь энэ нулимс надад том сануулга болсон юм. Би ааваасаа уучлал гуйх зүрх хүрсэнгүй эргээд орондоо орлоо. Өөрийн эрхгүй хөнжил дотроо уйлж, ааваасаа уучлал эрэн хэвтлээ.
Маргаашнаас нь эхлэн аавын хийсэн хоолыг үлдээлгүй идэж, сургуулиа амжилттай дүүргэж билээ. Намайг их сургууль төгсөх жил аав минь эмнэлэгт ходоодны хавдартай гэсэн оноштойгоор хэвтсэн юм. Өвчин нь хүндэрсэн яах ч аргагүй цаг үе.
Тэгэхэд аавынхаа толгойг илэн уучлал гуйн, "Таны хийж байсан хоол энэ дэлхийн хамгийн сайхан амттай хоол шүү ааваа" гэхэд аав минь амьсгалаа татаж байсан ч нулимстай нүдээрээ инээвхийлж байсан юм даа.
Тийм ээ, амьдралын зовлон жаргалд хэн ч сөхөрдөг ч, үүнийгээ давж гарах сэтгэл хийгээд уучлал заавал байх ёстой юм шиг. Аавуудын хийсэн хоол амтгүй ч тэр хоолон дотор амьдрал тэр аяараа багтаж явдаг юм шиг санагддаг.
Орчуулсан Н.БАЗАРСҮРЭН
Аавын хоол | ||
Үзсэн: 2010 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.