Шууд Chart

“Загнаж хөөж байсан малчид нутаглах гээд ирж... “

2017-05-10 13:14:03

Дизель станцаас 20 дахин, хойд хөршийн цахилгаанаас 6 дахин хямд цахилгаан үйлдвэрлэдэг...

“Дөргөн, Тайширийн усан цахилгаан станцын үйл ажиллагаа  “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенци болох “Киотогийн протокол”-д нийцсэн, экологийн цэвэр үйлдвэрлэл эрхэлж байна хэмээн  НҮБ үзэж,  станц  тус бүрд 100-120 сая төгрөгийн урамшууллыг хоёр жил дараалан олгосон байдаг. Харин монголчууд бидний олонх нь усан цахилгаан  станц байгальд сөрөг нөлөөтэй мэтээр ойлгож, маргасаар  өдий хүрлээ.”

Усаар цахилгаан үйлдвэрлэх нь эдийн засагт, байгальд ямар нөлөөтэй байдаг юм бол?  Энэ асуултад  бодитоор хариу өгөхөөр Монгол Улсын Засгийн газар,  Дэлхийн банкны уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хамтран  Байгаль орчны төлөөх ТББ,  сэтгүүлчдийг  өнгөрсөн сарын сүүлээр баруун бүсийн усны барилга байгууламжтай танилцуулав.

Бидний анхны өртөө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын  Гуулингийн УЦС байлаа. Завхан голын эрэг дагуу байрласан, уртаашаа 6 цонхтой  нэг давхар намхан цагаан байшинд уснаас цахилгаан гаргах үйлдвэрлэл өрнөөд 20 жил болж буй.  Гуулингийн  УЦС дөрөвдүгээр сараас  аравдугаар сар хүртэл тасралтгүй  ажилладаг байна.    

“Завхан голыг түшиж  ийм станц бариагүй бол бид хойд нөхдөөсөө өндөр үнэтэй цахилгаан авна, эсвэл дизелиэр алдаг оног гэрлээ  залгуулж  суугаа. Бас Гуулинг  тойрсон цас, борооны ус нуур цөөрөм ч болж амжилгүй урсаж  уурших алга болж байгаа даа. Зарим нэгний ярьдаг шиг энэ станц Завхан голын   урсац, усны нөөцөд нөлөөлсөн зүйлгүй” хэмээн  Гуулингийн услалтын системийг ашиглалтад оруулж байсан  ахмад инженер  н.Базар  бидэн   хуучиллаа. 

Гуулингийн услалтын системийн ус дамжуулах сувгийг түшиглэн барьсан тус станц 400 кВт-ын хүчин чадалтай.  Нэг кВт цахилгааныг  37 төгрөгөөр  үйлдвэрлэдэг  байх нь.  Энэ нь ОХУ-ын импортын  цахилгаанаас 6 дахин, харин   баруун бүсийн  дизель станцуудаас 18 дахин  хямд үнэ юм  байна.

Усаар  цахилгаан  үйлдвэрлэхэд  нүсэр байгууламж, олон  хүн хүч, ихээхэн  түүхий эд шаарддаггүй нь  наймхан  эзэнтэй,  намхан цагаан байшин өөрөө ийн илтгэнэ.

Тайширын станц зорилгоо биелүүлсэн

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дахь Улаан богочийн хавцал усан далайгаар мэлтэлзэж байна. Архангай аймгийн Тэрхийн цагаан нууртай эн тэнцэх 50 км усан толиотой  Гэгээн нуур  хад хавцалтай,  уулархаг  газарт  тогтсон учир  ховорт  тооцогдох  байгалийн  үзэсгэлэнг  итгэнэ.  Тиймээс ч манай багынхан  бүгд л Тайширын нуруун дээр түр буудаллахдаа  хаврын  салхи, нуурын  жаврыг эс тоон хадан хавцал, барилга байгууламжийг өөртэйгээ хамтатган   авах санаатай  тал талд   зураг дарцгаав. 

Тайширын  хавцалд  голын ус  шилжүүлэх 165 м урт тунель, 192 м урт, 50 м-ын өндөртэй станцын барилга, 187 мянган куб метрийн багтаамжтай далан гээд  орчин үеийн усан станцын бүхий л  барилга байгууламж бий.  Тус станцтай танилцаж, нууранд   хүрэхийн  тулд  бид хүнд даацын  автомашин чөлөөтэй зорчих нүхэн гарцаар нэвтэрч, уул нуруудыг  товчлов.  Станцын  барилгын ажлыг шуурхайлахын тулд Тайширын  хад  асгатай уулыг  45 хоног 300 м нүхэлж,  зам,  гэрэл  тавьж ашигласан  хэмээн  Тайширын УЦС-ын  ажилтан  танилцууллаа.

2008 оноос ажиллаж эхэлсэн тус станц  сүүлийн 6 жил бүрэн чадлаараа ажиллаж,  Завхан, Говь-Алтай аймгийн 29 сумыг  цахилгаанаар   жилийн  дөрвөн  улирал зогсолтгүй  хангаж  байдагт  станцын  инженер, механикч,  Алтайн уугуул залуус  ихэд  бахархдаг нь илт  байв.

Тайширын УЦС-ын дарга Д.Амартүвшин: Тус станцыг бариагүй  байхад Завхан, Говь-Алтай аймагт  дизель станц ажилладаг байлаа. Нэг киловат цахилгааныг 650 төгрөгөөр үйлдвэрлэдэг байсан учраас жил бүр төрөөс баруун бүсд 12 тэрбум төгрөгийн татаас олгож байсан.  Айл өрхүүд зөвхөн хүйтний улиралд өдөрт 2-6 цаг л гэрэлтэй байдаг байсныг  олонх нь санаж байгаа.

Тэгвэл Тайширын УЦС цахилгаанаа  34 төгрөг 72 мөнгөөр үйлдвэрлэж, баруун бүсийн шугам сүлжээнд нийлүүлдэг.  Ингээд тооцохоор жилд 10 тэрбум,  нийтдээ 60 тэрбум төгрөг хөнгөлөөд байна. Ийм байдлаар өнөөдөр Тайширын УЦС өөрийн зардлаа  хэдийнэ нөхчихсөн. Нэг үгээр Тайширын станц зорилгоо биелүүлж чадсан. Нөгөө талд энэ том нуур бий болсноор Тайширын ойр орчимд   чийглэг уур амьсгал бүрдэж энэ хирээр  хур тундас их ордог болсон. Ан амьтан үржих таатай орчин ч бүрдэж байна.  Нууранд монгол хадран, Алтайн сугас гээд цэвэр усны “индикатор” загаснууд олноор  үржих болсон.

Монгол Улсын Усны барилга, байгууламжийн инженер Ж.Лувсандандар: Говьд байгуулсан энэ  том нуур  зөвхөн эрчим хүч гаргаад зогсохгүй тус аймгийнхныг  цэвэр усаар хангах нөхцөл бүрдэж байгаа юм.  Одоогоор аймгийн төв рүү  цэвэр ус татах ажлыг эхлэхээр Засгийн газар шийдвэрээ  гаргаад байна. Энэ хирээр Говь-Алтайчуудад  ая тухтай  амьдрах орчин бүрдэж буй хэрэг. Мөн  голын усыг тохируулдаг  болохоор Улаан богочийн хавцлын боомтоос дооших  Жаргалант, Тайшир сумынханд  үерийн аюулгүй болсон.

Гантай жилүүдэд голын  усыг шавхлаа,  байгаль сүйтгэлээ  хэмээн  зэмлэж  суусан нутгийн малчид ч Гэгээн нуур  бараадан  зусдаг болж.  Өнгөрсөн жил  Тайширын УЦС жуулчдад  500 төгрөгийн  тасалбар борлуулж,   2 сая төгрөгийн  орлого  олжээ.

Шүүмжилж  байсан нь амаа барьж,  шүүмжлүүлж байсан нь ам асуухад хүрэв

Баруун бүсийн усны барилга байгууламжтай танилцах аялал Говь-Алтай аймгийн Тайширын нуруунаас  Ховд аймгийн Дөргөнийн зүг хөдөллөө. Монгол Улсын Засгийн газар Их нууруудын хотгорт Хар ус-Далайн нуурыг холбосон Чоно харайх гол дээр Дөргөний УЦС-ыг барьж 2008 онд ашиглалтад оруулсан  байдаг.  Хаврын  адаг сарын  эхэнд биднийг  очиход  Дөргөнийн  нуур мөн л  далангаа  шүргэн  цэлэлзэж  байлаа.  

Нуурын доохно,  ус хаях сувгийн доод аманд чацарганаас эхлээд хэд хэдэн  төрлийн мод бут гөлөглөж  буй  нь  хэн хүний нүдийг эрхгүй татав.  Харин  нуурын усанд дураараа сэлэх амьтад  холын гийчдийг  анзаарсан шинжгүй.  Тус станцын засварын албаны дарга н.Дашдорж  “Бид энэ бутнаасаа жилдээ 3 тн чацаргана хураачихдаг” гээд Дөргөнийн  станцаа    танилцууллаа. 

“ДУЦС  бол жинхэнэ үндэсний эко үйлдвэрлэл. Учир нь бензин тос хэрэглэж, нүүрс ус шатаахгүй үйлдвэрлэл явуулж байна. Усаар турбинаа эргүүлээд л цахилгаан гаргаж байна.

МБОИЗ:  Станц барьснаар усны урсац, түвшин буурсан уу?

Хар ус нуурын түвшин сайн нэмэгдэж байгаа.  Хуучин усны түвшин 14-70 куб метр цагийн хооронд хэлбэлзэж, хүчтэй  үерлэж, эсвэл бүр татарчихдаг байсан. Станц барьснаас хойш голын ус  тохируулгатай болсон. Гантай үед татрахгүй, хур ихтэй үед савнаасаа хальж үерлэхгүй гэсэн үг.  Усаа доогуураа хураачихдаг. Усан санг дагаад энэ нутагт агаар чийгшиж, байгаль сэргэж байна.  Доктор н.Дулмаа ахлагчтай Орос-Монголын загас судлалын баг  ирж нуурын усанд  шинжилгээг тогтмол хийдэг. Тэд усан сан, голын голдиролд  загас  үржих  экологийн   шинэ орчин   бүрдсэн гэж тодорхойлсон.  Нуурын ус 17 метрийн гүнтэй.

Энэ ондатрыг авчир нутагшуулсан  уу?

Тогтонго ус дагаад өөрөө ирж үржсэн. Монгол хадран болон бусад загаснууд ч үрждэг.  Загасны шилжих хөдөлгөөний нөхцлийг бүрдүүлж суваг гаргаж өгсөн.  Туулай, үнэг гээд бусад амьтад ч олон бий. Дөргөнийн станц дангаараа аль нэг  аймгийг  цахилгаанаар хангах хүчин чадалтай. Хойд хөршийн эрчим хүч тасарлаа гэхэд 3 аймгийн 1 дүгээр зэргийн хэрэглэгчдийг   цахилгаанаар  хангана.

Гантай жилүүдэд “хайран мөнгө шороонд буллаа” хэмээн санаачилсан эздээ олонд шүүмжлүүлж байсан УЦС-ууд өнөөдөр ийн бүрэн хүчин чадлаараа  ажиллаж  байна.

Уул уурхайгүй болох цагт нуур цөөрөм л монголчуудыг тэжээнэ

Усан цахилгаан станцын гол хөдөлгөгч хүч нь усан сан, гол нуур.  Гэхдээ тухайн усны зөвхөн урсгал, хүчийг ашиглаж цахилгаан гаргадаг байна. Харин ашигласан усаа буцааж  гол, усан сандаа юүлдэг. Гол мөрний голдиролыг өөрчилж, усны түвшинг бууруулдаггүй  гэж УЦС-уудын  мэргэжилтнүүд бидэнд  тайлбарлаж байлаа. 

Баруун бүсийн усны барилга байгууламжтай танилцсан  усны  салбарын зөвлөх инженер, доктор Г.Долгорсүрэн:

УЦС байгальд сөрөг нөлөөтэй, байгаль сүйрүүлнэ гэх мэтээр  эсрэг сурталчилгаа их явлаа. УЦС-д ийм зүйл байхгүй. Харин ч хур бороо багасаж, ган  гачиг болох үед гол тасардаг, ширгэдэг байдлыг өөрчилдөг.  Усан сангаас ууршсан   чийг эргэж бороо болон буудаг.  Усан сангийн ойр хавьд  тэжээл байнга нэвчиж, тэр хирээр ургамал ногооны гарц сайжирдаг. .  Олон төрөл ургамал,  амьтан амьдрах орчин ч бүрдэнэ. Мөн чийглэг уур амьсгал бий болсноор түймэр, тоосжилт, хуурайшилт тухайн орчинд  багасдаг нь судалгаагаар нотлогдсон.  Усан сан өөрөө гадаргийн усыг  хуримтлуулдаг  учраас  гэнэтийн үер, үерийн хөрс угаалтаас сэргийлдэг. Ийм байдлаар усан сангийн, УЦС-ын ач тусыг мөнгөөр илэрхийлэх  боломжгүй.  Тиймээс бид бороо цасны усыг ахиухан шиг хуримтлуулаад нуур цөөрөм  байгуулах хэрэгтэй байна. Тэдгээр усан сан, нуур цөөрөм байгалийн тэнцлийг хангадаг учраас  хүмүүсийн насан туршийн хэрэглээ болно.   Зуун жилийн дараа ч юм уу монголчууд  уур уурхайгүй болчихсон байхад  нуур цөөрөм  л  биднийг тэжээнэ.

БОНХАЖ-ын яамны Сав газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн  Х.Кебейхан:

УЦС байгальд харин ч эерэг нөлөөтэй.  Голын усыг хуримтлуулж, усан сан бий болгосноор голыг тогтвортой урсгалтай болгодог.  Байгалийн эрчим хүчийг ашигласнаар агаар дахь нүүрс хүчлийн хий багасгана.  Энэ бол манай улс НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн конвенци, Киотогийн протоколын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чухал ач холбогдолтой. Ингэж бид экологийн цэвэр эрчим хүч хэрэглэснээр тодорхой хэмжээний мөнгө авдаг.  Харин манайд энэ бүхний талаар  шинжлэх ухаанч, бодит мэдээлэл дутмаг байна.

ОХУ-аас  жилд  30  сая долларын цахилгаан  авдаг

11-12 мигаваттын хүчин чадалтай Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд манай улсад одоогоор хамгийн том нь. Харин Хятад, ОХУ зэрэг хөгжингүй улс орнуудынхтай бол  харьцуулахад жижигдэнэ.  Тиймээс ч Сэлэнгэ мөрнийг түшиглэн  Дөргөн, Тайширныхаас 20 дахин их хүчин чадалтай станц барих  гэж  бид  ярьсаар, хэлэлцсээр   өдий  хүрсэн.   Цаашид ямар цаг хугацаа авахыг ч  хэлж мэдэхгүй.

Гэтэл Орос ах нар зөвхөн Уралын нуруунаас зүүн тийш Байгаль нуур хүртэл 12  ДЦС, 5 УЦС  барьчихаад ашиглаж  буй.  Бид тэдгээрийн нэг Эрхүү муж дахь Галуут нуурын станцаас 1 кВт цахилгааныг өнөөдрийн ханшаар 280 төгрөгөөр тооцож,  жилдээ 30 хүртэл сая доллараар  цахилгаан худалдан авч байна.  Та биднийг энд ярьж, уншиж суух зуур шинэ хүн мэндэлж,  шинэ  айл төвхнөж, шинэ үйлдвэрлэл, хэрэглээ бий болсоор буй.  Энэ хэрээр цахилгааны хэрэглээ өсч, хойд урд хөрш рүү   урсах төлбөр өссөөр.  Харин бид  дэлхий нийтийн хэдийнэ үйлдвэрлээд,  хэрэглээд дадчихсан  усан станцын тухай цэц булаацалдан, их мэдэмхийрч,   хий маргасаар...

Ингэхэд ганц  надад  ийм сэтгэгдэл төрөөгүй юм байна.   Баруун бүсийн усны байгууламжтай танилцахаар хамтдаа аялсан  Байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагын гишүүд,  сэтгүүлч  нөхдийн буцах замын  төгсгөл  яриа үүнийг гэрчилнэ.  Эргэлзэж  байвал  яриаг нь та  Монголын Үндэсний радиогоор сонсоорой.

Нийтэлсэн: Д.Даваадулам

“Загнаж хөөж байсан малчид нутаглах гээд ирж... “  
Үзсэн: 7698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
bodol [122.201.21.xxx] 2017-12-17 14:48
Малчдын буруу гэж юу байх вэ. Зориуд буруу суртал явуулж байсан сурвалжлагчаас эхлээд улс төрчид л одоо ойлгосон байгаасай.
Зочин [103.57.93.xxx] 2017-05-12 16:21
Жаахан өөр дизайн, хэлбэрийн ялгаа гаргаад тавьчихад яана аа. Мэлийсэн л нэг хэлбэрийн текст байхийн.
Зочин [150.129.141.xxx] 2017-05-12 08:50
Маш сайн.
цаана чинь [202.179.24.xxx] 2017-05-12 06:54
оросуудаас мөнгө авсан зарим сэтгүүлч, байгаль хамгаалах ТББ ийн хүмүүс Эгийн УЦС ийг эсэргүүцдэг гээд л байна
Зочин [202.9.42.xxx] 2017-05-11 21:19
Их сайхан нийтлэл болжээ хийсэн бүтээсэн ээ ингээд ярих их сайхан байна.
Зочин [103.26.193.xxx] 2017-05-11 17:40
Одоо Эгийн гол цаашлаад Шүрэнгийн УЦС-аа заавал барих юм шүү
Uwgun [66.181.160.xxx] 2017-06-20 10:45
Uuriin gol ucaa uuruu meddeg um!
Зочин [27.123.214.xxx] 2017-05-11 12:29
Zavhan goliin hadrangiin nuudeld noloolson esehiig neg sudlaad dugnelt gargaad margaaniig taslah heregtei baigaa yum daa ene Taishiriin UTsS. Dorgon bas.
Ганаа [122.201.26.xxx] 2017-05-11 09:15
Ямар сайхан бүрэн бүтэн,дэлгэрэнгүй ойлгомжтой сурвалжлага нийтлэл вэ. Манай радиогийнхон л ингэж хийнэ дээ. Сайн түгээх хэрэгтэй байхаа
Aagii [122.201.21.xxx] 2017-05-11 19:30
Tsahilgaam stantsiin ingeneer darga mergeljtnuudiin beltgesen case medeelleer beltgeed udii zeregtei yum hiigee biz. Manai setguulchid nemergui muu shuu dee
Зочин [103.57.93.xxx] 2017-05-12 16:33
их атаархуу байна аа. Бүгд нэг ижил юм гэж юу байхав дээ

Бидэнтэй нэгдээрэй