
БНХАУ-ын мэргэжилтнүүд орж ирээгүй учраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил удаашралтай байна гэж албаныхан хэллээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр, 2 эгнээ авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг Засгийн газар 2018 онд гаргасан. Дээрх авто замыг таван хэсэгт хувааж, хэсэг тус бүрт нь гүйцэтгэгч компани хуваарилсан юм. Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас замын бүтээн байгуулалтын ажил удаашралтай байна.
Тухайлбал, хоёрдугаар хэсгийн зам болох Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам, дөрөвдүгээр хэсгийн зам болох Төв аймгийн Сүмбэр сумын уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45 км авто замыг Хятад улсын “Чайна Стэйт Шинжиан констракшн инженеринг” нэртэй компани гүйцэтгэхээр болсон. Гэвч хил хаасан учраас ажилчид нь ирэх боломжгүй байна. Харин тавдугаар хэсгийн авто зам болох Дархан хотын тойрог уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 30.5 км авто замын ажлыг дотоодын ажилчид 50 орчим хувьтай үргэлжлүүлж байна. Замын ажил хамтран гүйцэтгэхээр БНХАУ-аас 20 гаруй ажилтан ирсэн. Тэд одоогоор тусгаарлалтад байгаа юм. Энэ хэсгийн замын ажил ямар шатандаа явааг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдоос утсаар тодрууллаа.
Авто замын бүтээн байгуулалтын ажилд оролцох дотоодын гүйцэтгэгч нар зөвхөн суурь бүтцийн ажил хийх чадвартай. Хучилтыг дангаараа хийж хүчрэхгүй. Тиймээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд гадны компани оролцохоос аргагүй гэдгийг албаныхан хэлж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил удаашралтай байна | ||
Үзсэн: 1499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.