Шууд Chart

Прокурор гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мэдэгдэл хүргүүллээ

2023-06-06 17:14:13

Прокурорын байгууллага 2023 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 02-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 340 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 14 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 28 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэрэгт холбогдуулан хүүхдүүдийг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хаана, хэнд хандах талаар мэдээ, мэдээлэл өгөх, ганцаарчилсан уулзалт хийх зэрэг ажлыг хуулийн байгууллагатай хамтран зохион байгуулах талаар тухайн сургуулийн захиргаанд,

- Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд гарсан амиа хорлох тохиолдол, гэмт хэргийн гаралтыг 2020, 2021, 2022 оны байдлаар судлахад 68.3 хувь нь сэтгэл санааны тогтворгүй байдлын улмаас амиа хорлосон нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс орон нутгийн иргэдийг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн эмчилгээнд хамруулах зэрэг ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргад,

- Налайх-Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт ихээр үйлдэгдэж байгаа Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд заасан Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг 2020-2023 оны байдлаар судлахад 98.6 хувь нь  “Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй" зөрчлүүд эзэлж байсан байна. Тиймээс дээрх төрлийн зөрчлийн гаралтыг бууруулах, иргэдэд хууль тогтоомж сурталчлах арга хэмжээ авах талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга,  Налайх, Багахангай дүүргийн  Засаг дарга нарт тус тус мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Эх сурвалж: УЕПГ

 

Прокурор гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мэдэгдэл хүргүүллээ  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй