Шууд Chart

Зүүн Азийн соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааны олон улсын симпозиум зохион байгуулагдлаа

2023-08-16 17:22:28

Энэ онд  буюу  2023 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Япон улсын Саппоро хотод Нара их сургуулийн дэд ерөнхийлөгч, Зүүн азийн соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны холбооны тэргүүн доктор профессор Имазү Сэцүо зэрэг Япон, Бүгд Найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Хятад Ард улсын нийт 300-аад эрдэмтэн судлаачид органик, органик бус материалын төрөл зүй, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, материал судлал, хүрээлэн буй орчны эрсдэлийн судалгаа, цахим баримтжуулалт сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв.
 
Тус симпозиумыг Япон, Солонгос, Хятад улсын соёлын өвийн сэргээн засварлагч, хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд 2007 оноос 2 жил тутамд олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хүрээнд хамтран зохион байгуулсаар иржээ.
 
Симпозиумд Япон улсын Нара их сургууль болон Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төвийн дэмжлэгтэйгээр тус үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт технологи, судалгааны газрын дарга М.Оюунтулга "Үл хөдлөх дурсгалын хүрээлэн буй орчны эрсдэл ба гэмтлийн механизм" сэдэвт лазер сканер болон агаарын 3 хэмжээст зураглалын харьцуулалт, ургамлын индекс тодорхойлох RTK-д суурилсан мультиспектрийн зураглалд мэдээллийн сан үүсгэсэн судалгааны сэдвээр постер илтгэл хэлэлцүүллээ.
 
Мөн манай улсаас оролцож буй Соёлын өвийн үндэсний төв, Хархорум музейн мэргэжилтэн нар археологийн малтлагаас илэрсэн олдворын хадгалалт хамгаалалт болон соёлын өвийн цахим баримтжуулалт ба компьютер томографын хэрэглээ сэдэвт ажлын хэсэгт оролцож, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааны аргазүй, орчин үеийн дэвшилтэд технологийн ашиглалт, соёлын өвийг бүтээлч үйлдвэрлэлд ашиглах, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын сүүлийн үеийн чиг хандлагатай биечлэн танилцаж туршлага солилцлоо.
 
Цаашид энэхүү “Зүүн азийн соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон улсын симпозиум”-д Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах гарц нээх, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны чиглэлээр нарийвчилсан судалгаа явуулах, судлаачдыг бэлтгэх, үр дүнг олон улсад сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг олон ажлын эхлэлийг тавилаа гэж Соёлын яамнаас мэдээллээ.

 


Зүүн Азийн соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааны олон улсын симпозиум зохион байгуулагдлаа  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй