Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймаг дахь “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д ажиллалаа.
1965 онд байгуулагдсан тус компани нь цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил, тэдгээрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, цахилгаан түгээх, тоолуурын шалгалт, тохируулга, суурилуулах, ухаалаг тоолуур үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
.jpg)
545 дэд станц, 3400 км цахилгаан дамжуулах агаарын шугамын засвар, үйлчилгээг хариуцан ажилладаг эл компанийнхан Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын 60 мянга гаруй хэрэглэгчид эрчим хүч түгээж буй юм. Өдгөө 442 хүн ажиллаж байгаа талаар “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Хангай танилцууллаа. Ажилтнуудынх нь 40.5 хувь буюу 179 нь 0-5 жил, 23.9 хувь буюу 106 нь 6-10 жил ажиллаж байгаа залуу боловсон хүчин аж.
Тэд 2022 онд Монгол Улсад анх удаа 35 кВ-ын 52 км ЦДАШ-ыг УКШ-12 маркийн тулгууртай, СИП-3 маркийн бүрээстэй дамжуулагчтай шинэ шийдлээр угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна. Мөн 2025 онд Монгол Улсад анх удаа 35/6 кВ-ын Дижитал дэд станцыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр цахилгаан хангамж ямар нэгэн шалтгаанаар тасарвал заавал бригад хүлээж цаг алдалгүй алсын удирдлагаар үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн байна. Мөн 2025 онд 15,000 ухаалаг тоолуур үйлдвэрлэсэн бөгөөд өдгөө хэрэглэгчдийнхээ 98 хувьд буюу 64,704 ширхэг ухаалаг тоолуур суурилуулжээ.


Дээрх аймгуудын эрэлт жил бүр өсөж байгаа агаад 2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед чадлын дутагдлаас шалтгаалж давхардсан тоогоор 89,823 хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарлажээ. 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 8.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөснөөс 26 хувийг нь биелүүлээд байгаагаа дуулгалаа.
Тус компанийнхан дээрх гурван аймгийн 23 суманд сэргээгдэх эрчим хүчний төслийг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улмаар 2022-2025 онд нарны хавтангууд суурилуулж, эрчим хүч хуримтлуурын байгууламжууд барьжээ. Тухайлбал, тус бүр хоёр, нийт дөрвөн МВт.цаг багтаамжтай эрчим хүч хуримтлуурын байгууламж нь сүлжээнд холбогдож бие даан ажиллах (off-grid) горимтой. EMS дэвшилт технологи ашигласнаар төвийн сүлжээтэй зэрэгцэн ажиллах болон бие даан ажиллах горимын хооронд автоматаар шилжих боломж бүрджээ. Түүнчлэн салхи, шороонд тэсвэртэй, -45 градусын хүйтэнд найдвартай, тасралтгүй ажиллах шийдэл нэвтрүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Орхон суманд барьж, ашиглалтад оруулсан сэргээгдэх эх үүсвэрийн үйл ажиллагаатай Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцсан юм. Байгальд ээлтэй энэхүү эх үүсвэрийг өнгөрсөн нэгдүгээр сард туршилтаар ажиллуулж эхлэн, гурван сар туршилт хийж, дөрөвдүгээр сард Улсын комисс хүлээж авчээ. Нийт 4000 нарны панель суурилуулсан бөгөөд 2.5 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай. Одоогоор 1.5 МВт хүчин чадлыг нь ашиглаж байгаа, цаашид бүрэн ашиглах боломжтой аж. Автомат удирдлагатай тул батарей хуримтлуур бүрэн цэнэглэгдэхэд инвертерүүдээ унтраадаг бөгөөд Орхон, Жавхлант сумын хэрэглээг хангаж буй юм байна.

Батарей хуримтлуурын чадал нь хоёр МВт.цаг байгааг гурван МВт.цагаар өсгөвөл оргил ачааллын үед системд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, импортынхоос хямд үнээр дөрвөн сумын хэрэглэгчдийг бүрэн хангах, илүү гарсныг нь Дархан-Уул аймагт нийлүүлэх боломж бүрдэнэ гэдгийг тус компанийнхан дурдав. Тэд “Sany” брэндийн хамгийн сүүлийн үеийн, хоёр талаасаа цэнэглэгддэг нарны панелиуд суурилуулсан бөгөөд тэдгээр нь бүрхэг өдөр ч тодорхой хувиар цэнэглэгддэг байна. Шувуу суухад эрсдэлгүй, ой модтой газарт гал гарахаас сэргийлэх нөлөөтэйг харгалзан цахилгаан дамжуулах СИП кабель ашигласан гэв.
Сайд Б.Найдалаа “Монгол Улс нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглахад анхаарна. Таван аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуур барих нээлттэй сонгон шалгаруулалтыг анх удаа зарлахад 115 компани оролцох хүсэлтээ ирүүлсэн. Шинэ эх үүсвэрүүдийг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Барих газар, ТЭЗҮ, холбогдох тооцоог нь Эрчим хүчний яамнаас хийх бол компаниуд хөрөнгөө оруулж, товлосон хугацаа буюу арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах ёстой. Энэ ажлыг манай яам маш шуурхай зохион байгуулж байгаа” хэмээн тодотголоо.
Мөн тэрбээр “Сумдад батарей хуримтлууртай, хагас бие даасан эх үүсвэр байгуулахыг зорино. Энэ нь сумдыг найдвартай эрчим хүчээр ханган, чадлын дутагдлыг нөхөх юм. Зөвхөн цөөн том эх үүсвэрт найдах бус, олон эх үүсвэртэй болж, тэдгээр нь эрчим хүчний сүлжээтэй уялдан ажиллах нь бидний баримталж буй бодлогын нэг зорилго” хэмээв гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.


| Ухаалаг тоолуур нэвтрүүлж, сумдын хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байна | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.