Шууд Chart

Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлэв

2026-07-08 10:44:20

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Үндэсний их баяр наадмыг угтан хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, амралт, аялал, баяр наадмын үеийн хүүхэд хамгааллын арга хэмжээг эрчимжүүлэх талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл хүргүүллээ. 

Үүнд:

-Хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэл, сургуулилтын бүх үе шатанд уралдаанч хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах

-Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хурдан морины уралдааны зам, талбай, гараа, барианы бүс болон холбогдох байгууламжийг хүүхдийн аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн бэлтгэх, шаардлагатай засвар, тохижилтын ажлыг зохион байгуулах

-

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулж, эцэг, эх, асран хамгаалагч, уяач, уралдаанч, наадам зохион байгуулагчдад хууль тогтоомжийг сурталчлан таниулах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах

-Хурдан морины уралдаанд оролцох уралдаанч хүүхдийг Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага “Үндэсний морин уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2026 стандарт болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хамгаалалтын хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, стандартын шаардлага хангаагүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй байх арга хэмжээ авах

-Хурдан морины уралдааны үеэр хүүхэд хамгааллын үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангаж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан ажиллах

-Уралдаанч хүүхдийн бүртгэл, насны шалгуур, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, даатгал болон бусад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хууль тогтоомжийн дагуу шалгаж, хяналт тавих

-Хүүхдийн эрх, аюулгүй байдалтай холбоотой зөрчил, осол, эрсдэлийн мэдээллийг тухай бүр шуурхай авч, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх

Дээрх чиглэлийн хэрэгжилтийг хангаж, уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах ажлыг үр дүнтэй зохион байгуулан, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг чиглэл болгов. 

 


Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлэв  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй