
Зуны 31 дэх олимпийн 10 дахь өдрийн тэмцээн, уралдаанууд амжилттай болж өндөрлөлөө. Энэ өдөр усанд сэлэлт, бокс, ширээний теннис, хөнгөн атлетик, сагсөн бөмбөг, дугуй зэрэг 10 гаруй төрлийн тэмцээний шигшээ, хагас шигшээ, урьдчилсан тоглолтууд сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон. Тэр дундаа бокс, ширээний теннис, усан сэлэлтийн төрлүүдийн тэмцээн анхаарлын төвд байлаа. Ингээд 10 дахь өдрийн тоглолтуудын тоймыг хүргэе!
Чөлөөтийнхөн тамирчдын тосгонд байрлав
Бразилийн "Волта Редонда" дахь бэлтгэлийн баазад байрлан, бэлтгэл сургуулилтаа базааж байсан манай улсын чөлөөт бөхийн баг тамирчид Рио-Де-Жанейро дахь тамирчдын тосгонд хүрэлцэн ирэв. Ирэх лхагва гарагт тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөхийнхөн энэ удаагийн олимпод 10 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
Чөлөөт бөхийн барилдаан энэ сарын 17-нд эмэгтэйчүүдийн 58 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д ОУХМ О.Насанбурмаа нарын барилдаанаар эхэлнэ. Харин эрэгтэйчүүдийн барилдаан олимпийн наадмын сүүлийн өдрүүдэд явагдана.
Эмэгтэйчүүдийн усан сэлэлтийн холын зайн тэмцээн дуусав
Риогийн олимпийн эмэгтэйчүүдийн усан сэлэлтийн холын зайн буюу 10 км-ын уралдаан болж, Нидерландын тамирчин Шарон Ван Роувендаал 1 цаг 56 минут 32 секундын үзүүлэлтээр алтан медалийн эзэн болсон. Хоёрдугаар байрт Италийн тамирчин Ришел Бруни 1 цаг 56 минут 49 секундээр, гуравдугаар байрт эзэн орны тамирчин Полиана Окимото 1 цаг 56 минут 51 секундээр тус тус орсон.
Анита Влодарчик олимпийн аварга боллоо
"Рио-2016" олимпийн наадмын эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн тэмцээнд Польшийн тамирчин Анита Влодарчик 82.29 метрийн үзүүлэлтээр олимпийн аваргын алтан медалийн эзэн болов. Түүний араас БНХАУ-ын тамирчин Жан Вэнь Шо 76.75 гэсэн амжилтаар мөнгөн медаль, Их Британийн хөнгөн атлетикч Софиа Хитчон 74.54 метрийн үзүүлэлтээр хүрэл медаль хүртлээ. Энэ удаа Польшийн тамирчин алтан медалийн эзэн болсон төдийгүй энэ төрөлд олимпийн болон дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай уралдааны аваргууд тодорсон
"Рио-2016" олимпийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтийн тэмцээний шилдгүүд тодорсон. Уг тэмцээнд Бахрайн улсын тамирчин Рут Жибет 8’59’75 минутын амжилт үзүүлж, аваргын алтан медалийн эзэн болсон бол Кенийн тамирчин Жипкемой Гвин Киенг 9’07’12 минутын амжилтаар мөнгөн медаль, АНУ-ын тамирчин Эма Габорн 9’07’63 минутын амжилтаар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр Бахрайн улс Риогийн олимпоос анхныхаа алтан медалийг авав.
Сонирхуулахад, энэ төрлийн дэлхийн болон олимпийн дээд амжилтыг 8’58’81 минутын үзүүлэлтээр ОХУ-ын тамирчин Галкина Самитова эзэмшдэг юм байна. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпод энэхүү амжилтыг шинэчлэн тогтоож байсан юм. Хөнгөн атлетикийн төрөлд АНУ-ын баг тамирчид медалийн тоогоороо тэргүүлсээр байна.
Грекийн тамирчин олимпийн аварга боллоо
"Рио-2016" олимпийн наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн цагирагт дүүжингийн финалын тэмцээн өндөрлөж, Грекийн тамирчин Элефтриос Петроуниас онооны нийлбэр дүнгээр түрүүлэн олимпийн аварга боллоо. Бразилийн тамирчин Артур Занетти 15.766 оноогоор хоёрдугаарт, ОХУ-ын тамирчин Денис Аблиазин 15.700 оноогоор хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Дамнуурган дээрх үзүүлбэрийн шилдгүүд
Хөнгөн атлетикийн тэмцээний эмэгтэйчүүдийн дамнуурган дээрх үзүүлбэрийн аваргаар Нидерландын тамирчин Санни Веберс 15.466 оноогоор алтан медаль, АНУ-ын тамирчин Лаурен Фернандес 15.333 оноогоор мөнгө, АНУ-ын тамирчин Симони Биллс 14.733 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.
Модон морин дээгүүрх харайлтын эрэгтэйчүүдийн тэмцээний шилдгүүд
Хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн модон морин дээгүүрх харайлтын тэмцээний аваргаар Умард Солонгосын тамирчин Ри Си Гван 15.691 оноогоор тэргүүлж, алтан медалийн эзэн болсон бол ОХУ-ын тамирчин Денис Аблиазин 15.516 оноотойгоор мөнгөн медаль, Японы тамирчин Кензо Шерай 15.449 оноогоор хүрэл медалийн эзэн болов.
Уран сайхны сэлэлтийн урьдчилсан тоглолтод ОХУ-ын тамирчид тэргүүлэв
Уран сайхны усан сэлэлтийн урьдчилсан тэмцээн ОХУ-ын тамирчдын ялалтаар дуусав. Нийт 24 улсын баг тамирчид энэхүү тоглолтод өрсөлдөж, үүнээс 12 баг шигшээд шалгарч, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Хятадын баг тамирчид хоёрдугаарт, Японы тамирчид гуравдугаар байрт орсон. Шилдэг багуудын медалийн төлөөх өрсөлдөөн наймдугаар сарын 17-нд болно.
Боксын эмэгтэй 60 кг-ын жингийн тоглолт...
"Рио-2016" олимпийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн тэмцээн болов. Тус тэмцээнд ОХУ-ын тамирчин Анастасия Белякова АНУ-ын тамирчин Микаел Майер нар хүрэл медалийн төлөө өрсөлдөж, ОХУ-ын тамирчин 2:0-ээр ялалт байгуулсан. Мөн Италийн тамирчин Ирма Тиеста Францын тамирчин Эстелли Мосселитай тоглож, Францын тамирчин 3:0-ээр ялсан. Харин мөнгөн медалийн төлөө наймдугаар сарын 18-нд Финландын тамирчин Нера Поткони, Хятадын тамирчин Ян Жун Хуа, ОХУ-ын тамирчин Анастасия Белякова Францын тамирчин Эстелли Мосселитай өрсөлдөхөөр шалгарав. Энэ жингийн аваргын төлөөх тоглолт наймдугаар сарын 20-нд болно.
Сонгомол барилдааны 85 кг-ын жингийн аваргаар ОХУ-ын бөх тодорсон
Риогийн олимпийн сонгомол барилдааны 85 кг-ын жингийн аваргын төлөөх тэмцээн болж өндөрлөв. Аваргын төлөө Украйны бөх Зеин Бленук, ОХУ-ын бөх Давит Чакветадзе нар өрсөлдөж, ОХУ-ын бөх Давит Чакветадзегийн ялалтаар дуусч, алтан медалийн эзэн болов. Хүрэл медалийн төлөө Болгарын бөх Николай Баяряков, Беларусийн бөх Жавид Хамзатовтай барилдаж, Беларусийн бөх Жавид Хамзатов ялалт байгуулсан. Мөн Германы бөх Деннис Максимулян Кудла Унгарын бөх Виктор Лауренц нар өрсөлдөж, Германы бөх Деннис Максимулян ялснаар хүрэл медалийг эх орондоо авч харихаар боллоо.
Сонгомол барилдааны 130 кг-ын жингийн аваргууд тодров
Риогийн олимпийн сонгомол барилдааны 130 кг-ын жингийн аваргын төлөөх тэмцээн боллоо. Хүрэл медалийн төлөө Германы бөх Эдуард Поп Азербайжаны бөх Саббах Шариатитай барилдаж, Азербайжаны бөх Саббах Шариати 5:0-ээр ялсан бол ОХУ-ын бөх Сергей Семинов Эстоны бөх Хэйки Набитай хүрэл медалийн төлөө барилдаж, Сергей Семинов 3:0-ээр ялж, хүрэл медалийн болзлыг тус тус хангасан. Харин алтан медалийн төлөө Туркийн бөх Риза Каяалп, Кубын бөх Мижайн Лопезтай барилдаж, Кубын бөх аваргаар тодорч, олимпийн алтан медалиар энгэрээ мялаасан.
Дугуйн тойрог замын бөөн гараат уралдааны шилдгүүд шалгарав
Зуны 31 дэх удаагийн олимпийн наадмын дугуйн эрэгтэйчүүдийн тойрог замын уралдааны 6:6-ын төрөлд Италийн тамирчин Вивиани Елия нийлбэр дүнгээр 207 оноо авч, түрүүлэн, алтан медаль хүртсэн бол хоёрдугаар байрт Английн дугуйчин Марк Квендиш 194 оноогоор, Данийн дугуйчин Хансен Лэсс Норман 192 оноогоор гуравдугаар байрт барианд орсноор хүрэл медалийн эзэн болов.
Рио 2016: Олимпийн 10 дахь өдрийн тэмцээнүүдийн тойм | ||
Үзсэн: 1971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.