
Зуны олимпийн XXXI дүгээр наадмын 12 дахь өдөр волейбол, сонгомол бөх, хөнгөн атлетик, чөлөөт бөх, ширээний теннис, бокс, хөлбөмбөг, гандболын тэмцээн уралдаанаар үргэлжиллээ. Манай улсын баг тамирчдаас
• Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 69 кг ОУХМ О.Насанбурмаа
• Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг ОУХМ П.Орхон нар дэлхийн шилдэг бөхчүүдтэй учраа таарч, эн тэнцүүхэн өрсөлдлөө.
П.Орхон /Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ/
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг жингийн барилдаан Монголын цагаар наймдугаар сарын 17-ны 22:00 цагт эхэлсэн бөгөөд манай улсын тамирчин П.Орхон эхний тойрогтоо Болгарын бөх Мими Николова Христоваг 7:4 онооны харьцаагаар ялж, шилдэг 16-д үлдэж чадсан юм. Ингээд хоёр дахь барилдаандаа ОХУ-ын бөх Валерия Сергеевна Кобловатай /Жолобова/ таарсан. Барилдаан 11:1 онооны харьцаагаар Валерия Сергеевна Кобловагийн ялалтаар өндөрлөсөн. Ингээд П.Орхонд дагах барилдаан хийх боломж нээгдсэн юм. Тэрбээр эхний дагах барилдаанаа Германы бөх Луиса Неймиштэй хийж цэвэр ялсан. Тэрбээр дараагийн дагах барилдаанаа Энэтхэгийн бөх Шакшин Баликтай хийж ялагдсанаар олимпийн наадмаа өндөрлүүллээ.
О.Насанбурмаа /Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ/
"Рио-2016" наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд МУГТ О.Насанбурмаа Тайванийн тамирчин Чен Вэн Линтэй барилдсан юм. Манай тамирчин хурдтай, дайчин барилдааныг хийж, онооны давуугаар барилдааныг хошуучилсан. Тайванийн тамирчин мөрөндөө гэмтэл авч, шүүгчдийн шийдвэрээр О.Насанбурмаад ялалтыг өгөв. Тэрбээр олимпийн наадмаа өнгөтэй сайхан эхлүүлж, шилдэг 16-д шалгарч чадсан ч дараагийн барилдаандаа ОХУ-ын бөх Наталья Воробеватай учраа таарсан. Тэдний барилдаан тун сонирхолтой болж, олимп, дэлхийн аварга Наталья Воробева ялалт байгуулсан. Ийнхүү О.Насанбурмаа олимпийн наадмаа цааш үргэлжлүүлэх эсэх нь Наталья Воробевагаас хамаарч эхэлсэн юм. О.Насанбурмаа дагах барилдааныг Казакстаны бөхтэй хийсэн боловч харамсалтайгаар ялагдаж, олимпийн наадмаа өндөрлүүлсэн билээ.
Олимпийн наадмын 12 дахь өдрийн хамгийн онцлог үйл явдал нь Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 58, 69 кг-ын жингийн барилдаанууд байлаа.
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д Япон улсын тамирчин Тосака Эри аваргын алтан медалийн эзэн болсон бол мөнгөн медалийн эзнээр Азербайжаны тамирчин Мария Стадник тодорсон. Харин хүрэл медалийг БНХАУ-ын тамирчин Сун Янан, Болгарын тамирчин Элица Янкова нар хүртсэн.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 58 кг-ын чөлөөт бөхийн тэмцээний медалийн төлөөх барилдаанууд маш өрсөлдөөнтэй болж, Японы алдарт бөх Каори Ичо алтан медалийн эзэн болов. Тэрбээр олимпийн наадмаас дөрөв дэх алтан медалиа зүүсэн бахдам амжилт үзүүлсэн. Энэ жингийн мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин хүртсэн бол хүрэл медалийн эзнээр Тунис, Энэтхэгийн бөхчүүд тодорсон юм.
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 69 кг жингийн барилдаанд Япон улсын тамирчин Сара Дошо алтан медалийн эзэн боллоо. Мөн медалийг ОХУ-ын тамирчин Наталья Воробева хүртсэн бол хүрэл медалийг Казакстаны тамирчин Элмера Сездекова, Шведийн тамирчин Женни Франсон нар хүртлээ.
"Рио-2016" олимпийн наадмын 12 дахь өдрийн тойм | ||
Үзсэн: 1540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.