
Санал асуулга өчигдөр буюу ням гарагт болж, 42 хувийн ирцтэй энэ санал хураалтад оролцсон хүмүүсийн 90 гаруй хувь нь Испанийн Каталон муж салан тусгаарлаж, бие даахыг дэмжжээ.
Мужийн тэргүүн Ка́рлес Пучдемо́н санал хураалтын талаар телевизэд ярилцлага өгөхдөө Каталон мужийн бие даах асуудлыг тэрээр дангаараа зарлах боломжтой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Каталончууд бие даасан улс болж, Бүгд найрамдах улс байгуулах эрхтэй боллоо. Манай Засгийн газраас ойрын хэдэн өдөртөө багтан өнөөдрийн санал асуулгын дүнг Каталоны парламентад өргөн барина. Ингэснээр парламент энэ асуудлыг хуулийн дагуу гүйцэтгэх боломжтой болно” гэж Каталон мужийн тэргүүн ярьжээ.
Ингэж зарласан нь Каталон муж болоод Испанийн төв Засгийн газар хооронд зөрчил үүсгэх нь тодорхой байгаа юм. Учир нь санал асуулга болохоос өмнө үүнийг үндсэн хуультай зөрчилдөж байна гэж Испанийн Ерөнхий сайд Мариано Рахóй мэдэгдэж байсан.
Ням гарагт Засгийн газрын зүгээс зүүн хойд бүс нутгийн санал асуулгыг зогсоохыг оролдсоноор Каталон мужийн иргэд оршин суугчид болоод цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн. Цагдаа нар зарим санал хураах цэгүүдийн саналын хайрцгуудыг хураан авсан бол зарим санал хураах байруудыг хаасан байна.
Энэ үеэр хэдэн зуун хүн бэртэж гэмтсэний улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг Каталон мужийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Тэд хэрвээ санал хураалтаас бие даан тусгаар тогтнохыг дэмжсэн дүн гарвал 48 цагийн дотор бие даан тусгаар тогтнож байгаагаа зарлана гэж мэдэгдэж байсан.
Испанийн хоёр дахь том хот болох Барселон нь Каталон мужид харьяалагддаг. Зүүн хойд энэ мужийн ард иргэдийн хувьд өөрсдийн гэсэн тусдаа хэл соёлтой. Тэд Испаниас салан тусгаарлах асуудлаа их урт удаан хугацааны туршид дэвшүүлэн хэлэлцэж байсан юм.
Каталон мужийн иргэд тусгаар тогтнохыг дэмжсэн байна | ||
Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.