
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн. Хуралдаанд Монголбакны холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хууль санаачлагч гишүүн С.Эрдэнэ хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулав. Улс орны зээлийн зах дээр бий болсон олгиполь тогтолцооны үнэ бүрдэлтэд төрийн зохицуулалт бий болгох, мөнгө хүүлэлт хөгжих таатай орчин, монополь ашиг олох гол хэрэгслэл болж байгаа зээлийн өндөр хүүг бууруулах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор Зээлийн хүүгийн хязгаар тогтоох тухай хуулийн төслийг боловсрууллаа. Энэ хуулийн зорилго нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ.
Монголын банкуудын зарласан зээлийн хүүгийн дундаж 28 хувь байгаа нь дэлхийн улс орнуудаас хэт өндөр бөгөөд сүүлийн 10 жилд буурах хандлага ажиглагдахгүй, тогтворжиж “гацсан” үзүүлэлттэй байна. Монгол банкны 2017 оны 09 дүгээр сарын статистик мэдээнд тулгуурлан эдийн засагчид, судлаачдын гаргаж өгсөн банкуудын зээлийн хүү автомашин барьцаалсан зээлийг бодит өртгөөр нь тооцоход 47,5, 100 сая төгрөг хүртэлх дүнтэй бичил бизнесийн төгрөгийн зээлийн хүү дунджаар 28, өрхийн хэрэглээний зээлийн зарласан хүү 26, цалингийн зээлийн хүү 25,3, сургалтын зээлийн хүү 23,4, орон сууц, хашаа байшин барьцаалсан зээлийн хүү 20-26, тэтгэврийн зээлийн хүү дунджаар 18 хувьтай байна. Зээлийн хүүгийн хязгаар тогтоох тухай хуулийн төсөл бүтцийн хувьд 8 зүйлтэй, 23 заалттай боловсруулсан бөгөөд зохицуулах асуудлын онцлогыг илтгэсэн “зээлийн хүүгийн хязгаар”, “банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд” “мөнгө хүүлэлт” зэрэг нэр томъёоллын тодорхойлолтыг хуулийн төсөлд тусгасан болно. Зээлийн захын үнэ бүрдэлтэд төрийн зүгээс оролцох арга хэрэгслийн тухайд дэлхийн улс орнуудын туршлагыг харгалзан зээлийн хүүгийн тааз буюу дээд хязгаарыг хуульчлан тогтоох аргыг сонгож, хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудлыг шийдвэрлэж тусгасны зэрэгцээ түүнтэй холбогдуулан зээлийн үйл ажиллагаанд хязгаараас илүү гарсан хүү тогтоож мөнгө хүүлэхийг, зээл олгох, сунгах, бэлэн мөнгө гаргах зэрэгт шимтгэл хураамжууд тогтоож хэрэглэгчээс авах зэргийг хориглосон заалтууд, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон заалтуудыг боловсруулж тусгасан гэж төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдав.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан бөгөөд Байнгын хороо төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээгүй байна.
Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Баттөмөр, Н.Учрал, М.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан, Б.Ундармаа, Б.Жавхлан, З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Н.Оюундарь нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс хадгаламжийн зээлийн хүүг бууруулах талаар төсөлд тусгагдсан эсэх, банк бус санхүүгийн байгууллагын хүүг бууруулах зохицуулалт оруулсан эсэх, зээлийн хүүгийн дээд хязгаарыг хэдээр тогтоож, хязгаарсан давсан нөхцөлд хүлээх хариуцлагын талаар тодруулж илүүтэй тодруулж байв.
Төсөл санаачлагч гишүүн С.Эрдэнэ хариултдаа, арилжааны банкуудын зээлийн дээд хязгаарыг жилийн 18 хувь, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хувийг 24 гэж тогтоосон бөгөөд, зээлийн хүү үүнээс их байвал мөнгө хүүлэлт гэж үзэн хариуцлага тооцохоор тусгагдсан гэдгийн онцлов. Мөн тэрбээр, хуулийн төсөлд арилжааны банкууд зээлийн хүүг урьдчилж авахыг хориглосон заалт оруулсан гэж байлаа.
Харин Монголбанкны ажлын хэсгээс хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ тодотгохын зэрэгцээ хууль батлагдаж, захиргаадалтын аргаар санхүүгийн зээлийн хүүгийн хязгаарыг тогтоовол банк санхүүгийн зах зээл ил тод байдлаас далд хэлбэрт шилжих сөрөг үр дагавар дагуулна гэж байлаа. Түүнчлэн Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах талаар стратеги боловсруулан ажиллаж байна. Ингэснээр сүүлийн дөрвөн сард арилжааны банкны зээлийн хүү 18 хувь байснаа 17.4 хүртэл буурч, цаашид ч буурна гэдгийг тодотгож байлаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал санхүүгийн зах зээлийн хүүг бууруулахад төр захиргаадалтаар зохицуулах бус, хамтарч ажиллаад зөв гарц хайх шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Жавхлан банк, санхүүгийн салбарыг зах зээлийн зарчмаар нь явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд арилжааны банкуудын хадгаламжийн хүү өндөр байгаа нь зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан. Тиймээс хадгаламжийн хүүд өндөр татвар ногдуулж, банкинд байгаа хөрөнгийг нь зах зээлийн эргэлтэд оруулах шаардлагатай гэсэн санал хэллээ.
Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 94.1 хувь нь татгалзав. Гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн Засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Хуралдааны төгсгөлд УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр завсарлага авснаа цуцалж байгаагаа мэдэгдсэн тул тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Ингээд УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ | ||
Үзсэн: 1092 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.