Шууд Chart

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

2020-08-28 08:49:52

Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр УИх-ын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оруулсан. Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлаас хамаарч дунд хугацаанд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг дахин тодотгох, өөрчлөлт оруулах, түүний хууль зүйн боломжийг бий болгох шаардлага үүссэнтэй холбоотойгоор хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин явуулах шаардпагатай гэсэн горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41.8-д заасан үндэслэлээр төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд буцаасан. Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулж, санал, дүгнэлт гаргасан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022, 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгийн санал, дүгнэлтээ танилцуулж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дараах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Төслийн гарчгийг зохицуулах харилцааны агуулгад нийцүүлэн хуулийн төслийн гарчгийг өөрчлөхийг,  төслийн 1 дүгээр зүйлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3, 19.9 дэх хэсгийг бүхэлд нь хамруулахаар нэмэлт оруулахыг тус тус дэмжжээ. Эдийн засаг сайжрахын хэрээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын дагаж мөрдөх хугацааг 1 жилээр хойшлуулан мөрдүүлэхтэй холбоотой төсөлд шинээр заалт нэмэх саналыг 61.5 хувиар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн цөөнх болж, төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түдгэлзүүлэхдээ зөвхөн 2020, 2021 оныг хамруулж, 2022 оны төсвийн жилээс эхлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.9 дэх хэсэгт заасан төсвийн тусгай шаардлагыг мөрдүүлэх талаар байр сууриа илэрхийлснийг санал, дүгнэлтэд дурдсан байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, харъяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Тус Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан юм. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2021-2022 оны төсвийн төсөөлөлд тусгагдсан макро эдийн засгийн болон төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн бөгөөд энэ асуудпаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн цөөнх болсныг танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжилж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Төсвийн байнгын хороо хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай уялдан дунд хугацааны төсөв, санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон тул хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022, 2023 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтэд өөрчлөлт оруулах саналыг гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Коронавируст халдварын цар тахлын үргэлжлэх хугацаа, үзүүлэх хүндрэлийг бүрэн тооцох боломжгүй, үүсээд байгаа сөрөг нөлөөллийг нийгэм, эдийн засагт хохирол, эрсдэл багатайгаар даван туулахад зээлийн хүүд нөлөөлж байгаа суурь шалтгааныг судалж, зээлийн хүүг бууруулахад баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлох шаардлагатай тулгараад байна. Энэхүү стратегийн зорилтот түвшинг хангахын тулд инфляцыг тогтвортой, нам төвшинд байлгах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулах зэрэг нарийвчилсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм. Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор улсын төсөвт шууд нөлөө үзүүлэхгүй гэж хууль санаачлагч үзсэн байна.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр техникийн алдааг засах зорилгоор тогтоолын төслийн 2 дахь заалтын “жилийн” гэснийг “сарын” гэж өөрчлөх; гишүүн С.Чинзориг иргэдийн орлого зарцуулалтад сөрөг нөлөө үзүүлж байгаа хэрэглээний зээлийн дарамтыг бууруулах зорилгоор банкны зээлийн бүтээгдэхүүнийг боловсронгуй болгож, иргэдийн шууд орлогоор барьцаалсан бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулах; гишүүн Т.Доржханд дэлхийн олон оронд ашиглаж байгаа шийдлийг хэрэгжүүлж мөнгө хүүлэлтийг хязгаарлах зорилгоор зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох тухай заалт шинээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төслийн хавсралтын 1.6.1 дэх дэд заалтад хэрэгжүүлэх хугацааг “2020-2024” гэж нэмэх; мөн хавсралтын 2.1 дэх заалтын “2020-2021” гэснийг хасах; гишүүн Ж.Ганбаатар 2.1.3 дахь дэд заалт буюу банкны зээлийн хоёрдогч захыг активын удирдлагын мэргэшсэн институцийн хүрээнд зохицуулах нь банкнуудын хариуцлагыг сулруулах бөгөөд салбарт авчрах сөрөг нөлөө их байгааг дурдаж, энэ заалтыг хасах; гишүүн Х.Ганхуяг тогтоолын хэрэгжүүлэх хугацааг 2021 оны эцэс байхаар өөрчлөх; гишүүн Т.Доржханд банкны тусгай зөвшөөрлийг ангилдаг болох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Засгийн газрын бонд гаргаж, хөрөнгө оруулагчдад шинэ бүтээгдэхүүн санал болгож өрсөлдөөнийг дэмжих хөшүүрэг бий болгох, хадгаламжийн хэмжээнээс хамаарч хүүгийн орлогод шаталсан татвар тогтоох гэсэн санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан. Дараа нь “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй