Шууд Chart

СЭМҮТ дэлхийн жишигт хүрэхүйц сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болно

2020-09-18 11:00:34

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Өчигдрийн хамтарсан уулзалтаар СЭМҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор,  профессор, зөвлөх зэргийн эмч Л.Насанцэнгэл 2024 он хүртэл хэрэгжүүлэх “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн стратеги төлөвлөгөө”-г танилцууллаа.

1984-1992 оны судалгаатай харьцуулбал өнөөдрийн байдлаар манай улсад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин өссөн байна. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Тиймээс СЭМҮТ ирэх дөрвөн жилд Дэлхийн жишигт хүрэхүйц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Мөн нийгэм хамт олонд түшиглэсэн сэргээн засах тусламж үйлчилгээг өргөтгөн хөгжүүлж, эрдэм шинжилгээ, тандалт судалгаа, статистик мэдээллийг сайжруулах ажлыг ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөнд тусгасан.  Мэргэшсэн хүний нөөцийн бодлогыг үе шаттайгаар хөгжүүлж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааг уялдуулан ажиллахаар зорьж байгаа гэдгийг СЭМҮТ-ийн  Ерөнхий захирал Л.Насанцэнгэл танилцуулсан юм.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Манай улсын хэмжээнд архинд донтох өвчин, үүнээс үүдэлтэй сэтгэцийн болон бусад өвчлөл их байна. Тиймээс дээрх өвчлөлийг бууруулах чиглэлээр тодорхой, үр дүнд хүрэхүйц бодлого боловсруулж хэрэгжүүлэх цаг болсон. Ингэхдээ сургалт, сурталчилгааг хэвлэмэл болон видео танилцуулга, аян байдлаар хийгээд орхидог  биш судалгаа тооцоонд үндэслэсэн, цаг үе, зорилтот бүлэгт хүрсэн  үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж, түүнийгээ үнэлэх, дүгнэх шаардлагатай байна" гэж онцлов. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

СЭМҮТ дэлхийн жишигт хүрэхүйц сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болно  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй