Шууд Chart

Зэвсэгт хүчний 119 дүгээр анги хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит боллоо

2021-10-15 16:19:52

Уг ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, БХЯ-ны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Эрхэмбаяр, ангийн захирагч, хурандаа А.Бүрнээбаатар болон химийн цэргийн ахмад дайчид, Ч.Самбуу агсны гэр бүлийн төлөөлөл оролцлоо.

Нэрэмжит болгосон тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Батлан хамгаалахын сайдын тушаалыг хурандаа Б.Эрхэмбаяр ангийн захирагчид гардуулж өгсний дараа бригадын генерал Л.Онцгойбаяр хүндэтгэлийн арга хэмжээнд зориулж үг хэлсэн юм. Тэрбээр “Зэвсэгт хүчний химийн цэргийг хөгжүүлэхэд хошууч генерал Ч.Самбуу агсан маш их зүйлийг хийсэн гавьяатай хүн юм. Тэр бээр МАА-ийн химийн тусгай ротын захирагчаас ЗХЖШ-ын орлогч дарга, Цэргийн тагнуулын газрын дарга хүртэлх албан тушаалд дэвшин томилогдож ажиллаж байсан түүхтэй. Ч.Самбуу нь химийн хамгаалалтын тусгай батальоны захирагчаар таван жил ажиллахдаа дөрвөн жил дараалан армийн “Тэргүүний анги”-ийн болзол хангаж, тав дахь жилдээ “Онц анги” болсон юм. Уг амжилтыг нь төр, засгаас үнэлж, тухайн жилд нь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг “Алтангадас” одонгоор шагнаж байжээ” гэв.

Ангийн захирагчаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Л.Амаржаргал “Химийн цэрэг нь түүхэн хөгжлийнхөө явцад эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дайны жилүүдэд химийн хангалтыг зохион байгуулах, тайван цагт улс оронд тохиолдож болох байгалийн гамшиг үйлдвэрлэлийн осол, хүн малын гоц халдварт өвчин тэдгээрийн хор уршгийг арилгахад үргэлж тэргүүн эгнээнд явсаар ирсэн юм. Энэ гавьяаны эзэн болоход хошууч генерал Ч.Самбуу агсны гүйцэтгэсэн үүрэг их. Тиймдээ ч миний бие тус ангийг түүний нэрэмжит болгохоор хүчин зүтгэсэн, үр дүнд нь зорьсон үйлс маань бүтлээ. Сэтгэгдэл маш өндөр байна” гэсэн юм.

Хошууч генерал Ч.Самбуу агсны гэргий Х.Аюурзана “Миний ханьтай хамт нэгэн цагт эх орныхоо төлөө зүтгэж байсан олон хүмүүс өнөөдрийн хүндэтгэлийн ажиллагаанд ирсэн байна. Түүний дан ганц химийн цэргийг хөгжүүлэх үйлсэд төдийгүй Монгол Улсын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ийнхүү нэрийг нь мөнхжүүлж байна гэж миний хувьд бодож байна. Хань минь мөн Дайнд оролцогсдын ахмадын хорооны даргаар олон жил ажиллаж, ахмад дайчдын төлөө, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахын төлөө олон ажил хийснийг энд нэмж хэлэхэд таатай байна” хэмээн хэлсэн.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Зэвсэгт хүчний 119 дүгээр анги хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит боллоо  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй