Шууд Chart

Д.Алтанцэцэг: Швейцарчуудын Монгол Улс дахь дэмжлэг бодит үр дүнд хүрчээ

2022-04-23 18:04:36

Тогтвортой хөгжлийн боловсрол-II /ТХБ-II/ төслийн дунд хугацааны үнэлгээ хийх үйл ажиллагаа 2021 оны 09 сараас 2022 оны 04 сар хүртэлх хугацаанд үргэлжиллээ. Энэ хугацаанд ОУ-ын үнэлгээний баг дэд төсөл хэрэгжүүлэгч 30 сургуулийн баримт бичигтэй танилцаж, нийт 14 сургууль дээр очиж ажилласан байна. Үнэлгээний багийн гишүүн Д.Алтанцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Төсөл гэхээр хэн нэгний мөнгөөр захиалгатай, захиалгагүй хэдэн ажил хийгээд болчихдог гэх ойлголт хандлага бий. Тогтвортой хөгжлийн боловсрол-II /ТХБ II/ төсөл энэ ойлголтоос хэр өөр бол?

-ТХБ-II төсөл нь 6 аймгийн 30 сургууль дээр туршилтын байдлаар хэрэгжсэн хэдий ч үйл ажиллагаанууд нь цар хүрээ сайтай, бусад сургууль, аймагт үлгэр жишээ болохоор үр дүн өгчээ гэж манай үнэлгээний баг ерөнхийд нь дүгнэлээ.  

ТХБ-II нь бусад төслөөс ихээхэн ялгаатай, онцлогтой гэдэг нь мэдрэгдэж байна. Тодруулбал, сургуулиуд тодорхой аргачлалын дагуу өөрөө өөртөө үнэлгээ хийж, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж байж сая ямар төсөл хэрэгжүүлэхээ хамтдаа шийдвэрлэдэг. Мөн сургууль өөрсдөө захиран зарцуулах боломжтой санхүүгийн эх үүсвэр 2 талаас (төслийн болон орон нутгийн зүгээс) гарч байгаа нь том дэмжлэг болсон. Бас нэг онцлог нь сургуулийн үйл ажиллагаанд хамаарал бүхий бүх  тал оролцож, хамтдаа төслөө хэрэгжүүлдэг учраас үр дүн нь тодорхой харагдаж байна. Дээрээс, хөндлөнгөөс “ийм төслийг ингэж хэрэгжүүл” гээд хуваарилсан тохиолдолд эхлээд ойлгох гэж уддаг. Голдуу сургуулийн нэг хэсэг хүмүүс зүгээр оролцогч болоод бусад нь дөнгөж сонссон төдий идэвхгүй байдаг. Гэтэл сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчид, олон нийт хамтаараа яг сургуульд нь, орон нутагт нь шийдэж, өөрчилж болох ямар асуудал байгааг тодорхойлж, түүний төлөө хамтдаа хөдөлнө гэдэг маш чухал. Энэ аргачлал их зөв санагдсан. Чухам ямар асуудал байгааг тэр сургуулийн хамт олон л илүү сайн мэднэ. Тиймээс ч асуудлаа  оновчтой тодорхойлж, илүү үр дүнтэй хэрэгжүүлж байна гэсэн үг.

-ТХБ-II төсөлд хамрагдсан сургуулиудын зарим нь эд материалд түшиглэсэн, зарим нь хандлага, зан үйл рүү чиглэсэн дэд төслүүд хэрэгжүүлсэн. Үүний үр дүнг хэрхэн тодорхойлж байна вэ?   

-Төслийн 30 сургуулийн баримт бичигтэй танилцаж, бараг тал хувьд нь (нийт 14 сургууль) очиж ажиллалаа. Зарим сургууль хөдөлмөр зуслан, зан үйлийн өргөө, цахим сургалтын танхим байгуулах, өвлийн хүлэмжтэй болох гээд материаллаг зүйлд тулгуурласан бодит бүтээн байгуулалт хийсэн байна. Нөгөө хэсэг нь зөөлөн ур чадвар (soft skills)-ыг хөгжүүлэх, буруу зан үйлийг өөрчлөх, байгаль дэлхийгээ хайрлах, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө хамт олноороо дадал хандлагаа өөрчилж, зөв хэвшил тогтоох чиглэлээр ажиллаж байна. Сургуулиуд ногоон худалдан авалт, эрүүл хооллолт, дотоод агаарын чанарыг сайжруулах, эко орчин бүрдүүлэх, монгол уламжлал, ахуй соёлоо танин мэдэх, сурагч засагладаг сургуулийг хөгжүүлэх зэрэг төсөл хэрэгжүүлсэн байна. Ийм төслүүд нь материаллаг талдаа биш учраас нүдэнд шууд харагдах бүтээн байгуулалт байхгүй ч  хүнтэйгээ, хүүхэдтэйгээ ажиллаж, зөв дадал хэвшлийг үлдээж, бусдадаа нөлөөлж чадаж байгаа нь том амжилт гэж үзэж байна.  

-Үнэлгээний багийг товч танилцуулбал?                

-Олон улсын үнэлгээний багийн ахлагч Жульет Меликан олон оронд зөвлөхөөр ажилласан туршлагатай мэргэжилтэн. Тэр өнгөрсөн 3-р сард манай улсад ирж төслийн ажилтай газар дээр нь  танилцаад явлаа. Нийслэл болон Хөвсгөл, Булган, Орхон аймгийн сургуулиуд дээр ажилласан. Ингээд Швейцарын Хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь дэмжлэг бодит үр дүнд хүрсэн байна гэж үнэллээ.  

Би өөрөө боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай ч энэ үнэлгээний багт орж ажиллах хүртлээ “ТХБ-II” төслийн талаар сонсох төдий мэдээлэлтэй байлаа. Олон улсын цөөнгүй төсөл хөтөлбөрт ажиллаж байсан хүний хувьд ТХБ-II төсөл олон талаар өвөрмөц онцлогтойг ажиглаж мэдэрч байна.

-Төслийн үнэлгээгээр ямар ямар давуу ололттой талуу ажиглагдсан бэ? Бас асуудалтай зүйл дээр ямар зөвөлгөө өгөх бол?

-Төсөлд хамрагдсан сургуулиуд ямар нэгэн асуудлыг барьж авч, шийдвэрлэхийн төлөө  тодорхой ажил хийж, үр дүнд хүрчээ.  Одоо үлдсэн нэг жилд дээрх сургуулиудын энэ арга ажиллагаа, үр дүнг тухайн бүс нутагтаа нутагшуулж, цааш нь тогтвортой авч яваасай гэж хүсч байна.  Ингэж чадвал ТХБ-II төслийн зорилго биеллээ гэсэн үг. Энэ бол хөндлөнгийн үнэлгээний багийн гол зөвлөмж.

Сургуулийн удирдах ажилтан, багш, сурагч, ажиллагсад, эцэг эх бүгдэд их олон сайхан санаа, хүсэл мөрөөдөл бий. Тиймээс ч бага гэлтгүй санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр хамтарч хэлэлцэж, хийж, шийдэж буй нь гол үр дүн нь гэж харагдаж байна. Энэ бол захирал, нягтлан хоёр л мэдэж мөнгөө зарцуулдаг, шийдвэр гаргадгаас огт өөр.

Менежментийн бас нэг чухал онцлог нь  орон нутагт, үндэсний хэмжээнд зөвлөн зохицуулах баг ажиллаж, сургуулиудыг арга зүйгээр хангаж, зөвлөн чиглүүлж байгаа явдал. Эдгээр багт байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналт, хэвлэл мэдээллийн байгууллага, орон нутгийн удирдлагын гээд олон талын төлөөлөл орж хамтран ажиллаж байна. Нэг жишээг зориуд дурдмаар байна л даа. Орхон аймагт Орон нутгийн зөвлөн зохицуулах багийг Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга нь удирдаж, өөр буюу боловсролын салбарт хэрэгжиж буй төслийг амжилттай хэрэгжүүлж болж байгаа нь харагдсан. Нөгөө талаас сургуулийн асуудлыг илүү сайн ойлгож чадсанаар салбарынхаа сангаас сургуульд нэмэлт дэмжлэг үзүүлж, зөвлөж ажиллаж чадсан. Энэ бол шинэ соёл.

Орхон аймгийн зарим сургуулийн сурагчидтай уулзаж байхад “хогны машин хогоо ачихгүй удаад байна. Та Эрдэнэт хотын даргатай уулзвал хэлээд өгөөрэй” гэсэн. Дараа нь орон нутгийн удирдлагын төлөөлөлтэй уулзахдаа сурагчдын энэ саналыг уламжлахад “энэ менежментийг өөрчлөх хэрэгтэй байгаа” гээд шийдэл хайж байгаагаа мэдэгдсэн. Асуудлыг шийдэх арга замыг сурагч, багш, сумын удирдлага хамтаараа хайж байгаа хэрэг шүү дээ. Энэ маш чухал. Дээрээс, хэн нэгнээс юм нэхээд суух биш өөрсдөө санаачилж гаргаж, өөрчилж чадаж байгаа жишээ.

Мөн хүүхдүүдээр дамжуулан эцэг эхчүүд нь өөрчлөгдөж байгаа олон жишээ байна. Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн сурагчид төслийн хүрээнд “Өглөөний цай” аян санаачилж, хүүхдүүдээ сургагч багшаар бэлтгэн сурагчдадаа хичээл орж байна. Хүүхдүүдээ дагаад аав, ээж нь өглөөний цайгаа бэлтгэдэг, гэр бүлээрээ заавал цайгаа хамтдаа уудаг болж байгааг эцэг эхийн төлөөлөл ярьж байсан.

-Цаашид төсөл дууссан ч эдгээр туршлага түгэж, тухайн газрын, нутгийнхны зан үйл, дадал хэвшил болох нь чухал болохыг та түрүүн онцоллоо. Энэ тал дээр талуудад ямар зөвөлгөө өгөх бол?

-Төслийн сургуулиудын ийм сайн туршлагаас бусад нь судалж, хэрэгжүүлээсэй гэж бодсон.                Энэ бүх сайн туршлагыг цааш нь үр дүнтэй авч ашиглаж, нутагшуулах нь маш чухал. “ТХБ-II төсөл 2022 онд дуусчихсан ш дээ” гэх биш, харин түүнээс хойш бид ингэж өөрчлөгдсөн, өөрчилсөн, бүтээж чадсан гэдэг түүхтэй болчихсон байвал энэ төслийн бодит үр дүн гарна.

Тогтвортой хөгжлийн боловсрол өөрөө зөвхөн сургуулийн, боловсролын салбарын асуудал биш учраас Монгол Улсын Засгийн газар өөрөө, мөн олон улсын байгууллагуудын дараагийн дэмжлэгийг сургуулиуд руу хандуулаасай гэж бодож байна. Манай хөндлөнгийн үнэлгээний баг төсөл хэрэгжсэн 30 сургуулийг “туршилтын”  гэж нэрлэж байгаа. Эдгээр сургууль дээр хүүхэд, олон нийтийн оролцоотой хийж бүтээж, өөрчилж, тогтвортой хөгжлийн төлөөх алхмуудыг хэрэгжүүлж, үр дүн гаргаж болдог юм байна гэдгийг туршаад мэдчихлээ. Энэ сургамж, туршлагаа түшиглээд төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Ямартаа ч энэ 30 сургуулиараа энэ ажлыг яавч дуусгаж болохгүй гэж би бодсон.

Ганцаараа хурдан явах биш олуулаа урт замыг жаргалтайгаар туулахын төлөө гэдэг шүү дээ.

-Баярлалаа.   

Нийтэлсэн: Д.Даваадулам

Д.Алтанцэцэг: Швейцарчуудын Монгол Улс дахь дэмжлэг бодит үр дүнд хүрчээ  
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй